Хөлсний алуурчин өөрийгөө хохирогч гэв

Хуучирсан мэдээ: 2012.02.15-нд нийтлэгдсэн

Хөлсний алуурчин өөрийгөө хохирогч гэв

Сири улсын Са-Эр нэртэй хөлсний алуурчин өөрийгөө дарамт шахалтын дор эсэргүүцлийн хөдөлгөөнийхөн рүү гал нээж, 70 хүний аминд халдаж, нэг хүний хоолойг хэрчсэн хэмээн тайлбарлажээ. Тэрбээр энэ тухай CNN-д өгсөн ярилцлагадаа дурдсан бөгөөд өөрийгөө хохирогч гэж үзэж байгаа гэнэ. Учир нь алан хядах ажиллагааг дарамт шахалтын дор хийхдээ өөрөө хүндээр шархадсанд гомдолтой байгаа аж. Түүнчлэн сөрөг хүчнийхэнд барьцаалагдсан ажээ.

Са-Эр Сирийн Дотоод яамны шоронд ажилладаг байсан бөгөөд албаны хүмүүстэй хамт шоронгоос гарж явжээ. Хамт гарсан албаны хүмүүс буу болон дуран өгсөн гэнэ. Үүгээр аймшигт алан хядах ажиллагаа эхэлсэн тухайгаа ярьсан байна. Түүний дараагаар тус улсын нэр нь үл мэдэгдэх сөрөг хүчнийхэн хөлсний алуурчинг барьцаалсан бөгөөд нүдийг нь боож, “Чи яагаад үүнийг хийж байгаа юм бэ. Яагаад биднийг алсан юм бэ. Бид чамаас айж байна” гэж Са-Эрт хэлж байсан гэнэ. Тэдгээр сөрөг хүчнийхэн хөлсний алуурчинг барьцаалаад буцаан явуулахгүй байсан нь Сири улсын Засгийн газартай хэлэлцээ хийх нэгэн өгөөш болох учиртай гэж хэлсэн байна.

Одоогийн байдлаар Сирийн засгийн газар ямар нэгэн тайлбар өгөөгүй бөгөөд хөлсний алуурчин ойр тойрны хүмүүстээ амьд мэнд гэдгээ болон дарамтын дор алан хядах ажиллагаа хийсэн гэдгээ мэдэгдэхийг хүсч, ийнхүү ярилцлага өгсөн гэнэ. 

CNN телевизийн зүгээс энэ үйл явдал болон хөлсний алуурчин өөрөө хохирсон гэж хэлээд байгаад ямар нэгэн байр сууринаас хандаагүй гэдгээ илэрхийлж байна.

У.Болор

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж