“Үтрээний хүүрнэл” хандивын жүжгийг тоглоно

Хуучирсан мэдээ: 2011.03.17-нд нийтлэгдсэн

“Үтрээний хүүрнэл” хандивын жүжгийг тоглоно

Дэлхий дахинд өрнөж буй “V-Өдөр 2011” хөдөлгөөний нэрийн өмнөөс “Өөрчлөлтийн төлөөх Залуу Эмэгтэйчүүд” клуб нь Монголд анх удаа “The Vagina Monologues” хэмээх хандивын жүжгийг тоглох гэж байна. Энэхүү жүжгийг “Black Box” театрт энэ сарын 23, 24-нд монгол хэлээр, 26-нд англи хэлээр тоглох гэнэ.  
Мөн энэхүү жүжгийн олох орлогын 90 хувийг Хүчирхийллийн эсрэг үндэсний төвийн хамгаалах байранд, үлдсэн арван хувийг “V өдөр” аяны уриалгын дагуу газар хөдлөлтөд өртсөний улмаас хүнд нөхцөлд байгаа Гайти улсын эмэгтэйчүүдэд хандивлах юм байна. “The Vagina Monologues” буюу “Үтрээний хүүрнэл” жүжиг нь эмэгтэйчүүдийн амсаж туулсан учир битүүлэг, хөгжилтэй, шаналал зовиуртай, хүчтэй, ухаалаг, жигшиж зэвүүцмээр, сэтгэл догдлуулсан үйл явдлуудын гүнд үзэгчдийг аваачих гэнэ.

Энэхүү жүжгийн найруулагчаар Канад улсын иргэн Sharon Goldhawk, Т.Алтантуяа нар ажиллаж байна. Жүжигт клубын гишүүн залуу эмэгтэйчүүд мөн гадаадын сайн дурын эмэгтэйчүүд оролцон тогложээ. Энэ бүтээлд сайн дурын хүмүүс тоглодог бөгөөд энэхүү хүчирхийллийн эсрэг үйл ажиллагааг дэмжин Oprah Winfrey, Jennifer Hudson, Salma Hayek, Cate Blanchett, Whoopi Goldberg, Jane Fonda, Calista Flockhart, Winona Ryder, Alanis Morissette, Rosario Dawson, Kerry Washington, Faith Hill зэрэг алдартай эмэгтэйчүүд оролцон тоглосон бөгөөд жилээс жилд энэ үйл ажиллагааг дэмжих хүмүүсийн тоо нэмэгдсээр байна.

“The Vagina Monologues” жүжиг нь V-Өдөр хөдөлгөөний хүрээнд тоглодог бөгөөд энэхүү хөдөлгөөн нь 12 жилийн туршид дэлхий даяар 140 гаруй улс оронд зохион байгуулагдаж хүчирхийлэлтэй тэмцэхэд зориулан нийт 75 сая ам.долларын хөрөнгө босгож 300 гаруй сая хүнд хүрч чадсан байна.

М.Урин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж