-Та олон тэрбум ам.долларын хөрөнгөтэй хүн. Харин ирэх сард болох Ерөнхийлөгчийн сонгуульд ОХУ-ын Ерөнхий сайд Владимир Путинтэй өрсөлдөнө. Ийнхүү улстөрч болоход тань юу нөлөөлсөн бэ?
-Бизнесмэн хүн нийгмийн харилцаанд идэвхтэй оролцож, өөрийгөө хөгжүүлэхэд болохгүй зүйл байхгүй. Би “Норилск Никель” компанийн тэргүүнээр ажиллаж байсан. Тэр ч бүү хэл хүүхдийн цэцэрлэг, эрчим хүчний хангамж, орон сууцны бүтээн байгуулалтын ажлыг ч хариуцаж байсан хүн. Тийм учраас би улс оронд маань юу хэрэгтэйг мэддэг болсон. Ийм хүн ОХУ-ын Ерөнхийлөгч болбол иргэдийн аж амьдрал сайжирна.
-Улстөрчид олон нийтийн дэмжлэгийг авахын тулд хоорондоо өрсөлддөг бол бизнесмэнүүд хаалганы цаана бүх асуудлаа шийддэг. Тэгэхээр улс төр болон бизнесийн салбар дахь тоглоомын дүрэм нь өөр байдаг гэсэн үг. Та үүнтэй санал нэг байна уу?
-Улстөрчид олон нийтийн хараанаас үг хэл, үйл хөдлөлөө нуухыг хичэээж байна. Энэ бол Орос оронд тулгарч буй хамгийн том асуудал. Барууны ардчилсан засаглалтай орнуудад ч бас иймэрхүү бэрхшээл байдаг. Өөрөөр хэлбэл, шийдвэр гаргах түвшин дэх олон нийтийн оролцоо сул байгаа гэсэн үг. Харин бизнесмэн хүн бол мөнгөө алдсан ч дараа нь түүнийгээ олж авч чаддаг. Нөгөө талаас улс төрд итгэлцэл гэдэг зүйл хамгийн чухал байдаг. Яг л өдөр тутам хэрэглэж байгаа валют нь гэсэн үг. Хэрэв чи хүмүүсийн итгэлийг ганц удаа л алдвал дахиж олж авахад маш хэцүү.
-Сүүлийн үед В.Путины эсрэг хөдөлгөөн идэвхжиж байна. Түүний рейтинг 70 хувьтай байснаа 50 хувь болж буурсан тухай албан ёсны судалгаанууд харуулах болж. Яагаад ийм зүйл болоод байна вэ?
-Өнгөрсөн есдүгээр сарын эцсээр болсон Нэгдсэн Орос намын хурлын үеэр Д.Медведев, В.Путин хоёр албан тушаалаа хэрхэн солилцож байгааг хүмүүс харсан. Энэ нь В.Путины гаргасан хамгийн том алдаа болсон. Бас маш увайгүй хэрэг. Оросын ард түмэн үүнд дургүйцэж, уурласан. Хүмүүс “Байзаарай, бид татвар төлж, оронд нь биднийг хүндлэхийгхүссэн. Гэтэл тэд тэгсэнгүй” хэмээн ярилцаж эхэлсэн. Улс орныг удирдаж байгаа хүмүүс иймэрхүү байдлаар ханцуйн дотроо наймаалцахыг иргэд цаашид харж тэвчихгүй.
-Иймэрхүү тогтворгүй байдлыг намжаахын тулд Кремлийн удирдагчид таныг сонгуульд нэр дэвшүүлж байгаа юм биш үү?
-Би өөрөө шийдвэр гаргасан. Анхнаасаа л ингэдэг байсан. Би хэзээ ч хэн нэгний гар хөл болж байгаагүй.
-Сүүлийн найман жилийн турш шоронд хоригдож, бүх хөрөнгөө хураалгасан “ЮКОС”-ын тэргүүн асан М.Ходорковскийн хэргийг бүгд мэднэ. Түүнээс болж та Кремлийн гар хөл биш гэдгээ нотлох гээд байна уу?
-Үгүй. Би хэний ч нөлөөнд ороогүй гэж хэлэх гэсэн юм. Кремлийн эрх баригчид миний үг хэл, үйлдэлд хэрхэн саад хийж байгааг нотлох нь миний хийх ёстой ажил. Магадгүй би М.Ходорковскийтой ярилцах боломж гарвал түүнд өөрийнхөө итгэл үнэмшлийг ойлгуулж чадах байх. Тэр бол гайхалтай авьяаслаг менежер. Гэтэл одоо торны цаана сууж, амьдралынхаа хүнд хэцүү он жилүүдийг өнгөрөөж байна. Хэрэв би Ерөнхийлөгч болбол түүнийг суллана.
-ОХУ-ын Ерөнхийлөгчөөр хоёр удаа улиран сонгогдсон хүнтэй та сонгуульд өрсөлдөнө. Хэрэв В.Путин дахин Ерөнхийлөгч болбол юу болох бол. Тэр “Газпром”-ыг удирдах уу. Эсвэл Д.Медведев Үндсэн хуулийн Цэцийн тэргүүн хэвээр үлдэх ёстой юу?
-Би тиймэрхүү хий хоосон зүйлийн тухай бодож суух цаг зав багатай хүн.
-Та эрх баригчдыг эсэргүүцэж байгаа хүмүүсийн нэг. Иргэд “В.Путингүй Орос орны төлөө” хэмээн уриалж байгаа. Энэ үг хэр хүчтэй бол?
-Би В.Путинтай Орос оронд дуртай. Гэхдээ зохиолч Борис Акунин, Алексей Навалний аль, аль нь В.Путинг огцрохыг шаардаж байгаа. Хэрэв үзэл санааны хувьд зөрчилдөж байгаа хоёр тал асуудлыг шийдвэрлэх гарц олохгүй бол иргэний дайн ч дэгдэж мэднэ. Хамгийн гол нь “В.Путингүй Орос орон” гэдэг уриа надад таалагдахгүй байгаа. Бидэнд хувьсгал биш хувьсал л хэрэгтэй байна.
-Тэгээд та яагаад сонгуульд В.Путинтэй өрсөлдөж байгаа юм бэ?
-Яагаад гэвэл бидэнд шинэ зүйл, өөрчлөлт, хувьсал хэрэгтэй байна. В.Путин өөрийнхөө хийж чадах бүхнийг гүйцээсэн. Засгийн эрхэнд гараад удаагүй байх үедээ тэрбээр татварын тогтолцоог хэрхэн шинэчилж, хуваагдаад байсан газар нутгаа хэрхэн нэгтгэснийг мартаж болохгүй. Өнөөдөр хүмүүсийн орлого нэмэгдэж байна. Оросын дундаж иргэд өндөр цалин авдаг болж. Тэд иргэний эрхээ мэддэг болсон.
-Та Ерөнхийлөгч болбол хамгийн түрүүнд юу хийх вэ?
-Миний хувьд бизнес, улс төрийн салбар дахь шударга өрсөлдөөнийг бий болгох нь чухал байна. Хэрэв та манай улсын томоохон хотуудад дэлгүүр хэсэхээр болбол хэдэн арван хөргөгч юм уу эсвэл цайны гүцнээс аль нэгийг нь сонгох шаардлагатай болдог. Оросын өнөөгийн улс төрийн нөхцөл байдал хүмүүст зөвхөн ийм л хоёр сонголтыг өгч байна.
-Тэгэхээр яг юуг өөрчилнө гэсэн үг юм бэ?
-Би шинэ нам байгуулах нөхцөлийг хялбархан болгоно. Өөрийн намыг байгуулж, парламентын сонгуульд өрсөлдөх боломж хүн бүрт байх ёстой. ОХУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульт хугацааг саяхан зургаан жил болгон сунгасан. Үүнийг буцаагаад дөрвөн жил болгоно. Түүнчлэн эдийн засаг дахь “Газпром” тэргүүтэй монополь компаниудын нөлөөг сулруулна. Мөн боловсрол, шинжлэх ухаан, соёлын салбар дахь хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлнэ. Эдгээр нь батлан хамгаалах салбараас илүү чухал гэдгийг хүлээн зөвшөөрөх ёстой. Яг одоогийн байдлаар Оросыг айлган сүрдүүлж байгаа улс байхгүй шүү дээ. Тийм учраас батлан хамгаалах салбарт их хөрөнгө зарцуулах хэрэггүй.
-Оросууд олигархичуудад дургүй байдаг. Тэгэхээр та рейтингээ нэмэхийн тулд юу хийх вэ?
-Энэ бол чинээлэг бизнесмэнүүдийг эсрэг хийж буй суртал ухуулгын нэг хэлбэр. Үнэн хэрэгтээ баячуудад дургүй хүн тийм ч олон биш. Харин шударга биш хүмүүст л дургүйцэгсэд олон байдаг байх.
-Сонгуулийн луйварчид, авлига авсан төрийн албан хаагчдыг хэлж байна уу?
-Тийм.
-Та яагаад баячуудын нэр хүнд өсч байгаа гэж дүгнэх болов?
-Яагаад гэвэл тэд ажлын байрыг олноор нь бий болгодог. Улс орондоо тэд л хөрөнгө оруулдаг. Хүмүүнлэгийн ажилд хамгийн их оролцож, хүмүүст тусалдаг нь бас л тэд. Кампанит ажлынхаа үеэр би олон иргэнтэй уулзсан. Тэр бүхэнд хүмүүс надад хандан “Би уг нь коммунист хүн. Гэхдээ би таны төлөө саналаа өгнө. Яагаад гэвэл та надаас юу ч хулгайлахгүй” гэж хэлж байсан. Өөрөөр хэлбэл, хангалттай их мөнгө, хөрөнгө цуглуулж чадсан хүн улс төрийн эрх мэдэлтэй болбол иргэдийн халаас руу гараа дүрэхгүй гэсэн үг.
-Өнөөдөр авлига хэр ихэссэн бол. Д.Медведев, В.Путин хоёрын хэн нь илүү их хээл хахууль авсан бол?
-Тайвшир. Авлига гэдэг зүйл эдийн засгийн хувьд хүнд байдалтай болж, бүх зүйл ховордсон ЗХУ-ын үеэс уламжлагдан үлдсэн. Тэр үед хүмүүс бусдаас түрүүлж мах худалдаж авахын тулд худалдагчид хахууль өгөх хэрэгтэй болдог байв. Энэ бүхний нөлөө одоо ч хэвээр байна.
-Гэхдээ авлига улс орны удирдах шатнаас эхлээд бүх түвшинд хүчээ авсан эсэхийг би асуусан юм шүү дээ?
-Тийм ээ. Бүх шатанд авлига хүчээ авсан гэж хэлж болно.
"Улс төрийн тойм" сонин