Хуучирсан мэдээ: 2012.02.15-нд нийтлэгдсэн

Афинд үймээн дэгдлээ

Өнгөрсөн ням гаригийн оройноос эхлэн Афин хотноо эмх замбараагүй байдал үүслээ. Үймээн гаргагчид Засгийн газрын гэх 40 гаруй байшинг галдан шатаажээ. Цагдаагийнхан  жагсагчдыг тараахын тулд нулимс асгаруулагч хий ашигласан бөгөөд хот чир тэгтээ нулимс асгаруулагч хийгээд дүүрсэн гэхэд болно. Уг эсэргүүцэл гарах шалтгаан нь Европын холбоотой байгуулсан зээлийн гэрээ.

Грекийн парламент Европын холбоотой байгуулсан зээлийн шинэ хэлэлцээрийг баталсны дараа олон нийтийг хамаарсан эмх замбараагүй байдал үүсэв. Уг гэрээний дагуу Европын холбоо Афинийг олон тэрбум ам.долларын санхүүжилтээр хангаж, зарим нэг өрийг цайруулахаар тохиролцсон нь ийнхүү Афинд нийгмийн байдлыг тогтворгүйжүүлэх шалтгаан болжээ. Грекийн Засгийн газар төрийн албан хаагчдын зардлыг 3,3 тэрбум еврогоор  хэмнэн, цалин хөлсийг хасч,  цөөнгүй орон тооны цомхотгол хийхээр шийдвэрлэж, энэхүү шийдвэр нь ирэх дөрөвдүгээр сараас хэрэгжих ёстой байлаа.

Уг асуудлыг парламентаар хэлэлцэх үеэр эсэргүүцлийн жагсаалыг зохион байгуулж, тэрхүү жагсаалд 100 мянга гаруй хүн нэгдсэн байв. Жагсаал тайван замаар эхэлсэн боловч, сүүлдээ эмх замбараагүй байдал үүсгэжээ. Жагсагчид төрийн байгууллагуудыг дайрч, парламентын байр руу чулуу болон шатах шингэн бүхий лонх шидэлжээ. Афин хотын захиргааны байрыг  жагсагчид эзлэхээр оролдсон тухай хотын мэр Йоргос Каминис “SKAI” телевизэд өгсөн

Парламентын байр байрладаг Синтагма талбай нулимс асгаруулах хийн гашуун үнэрээр дүүрсэн тухай Reuters агентлаг дамжуулжээ. Улайрсан залуусын үйлдэлийг цагдаагийнхан зогсоохын тулд хүчээ зузаатгажээ. Айдаст автсан хотын оршин суугчид болон жуулчид нулимс асгаруулах хий, шатах шингэнд өртөхгүйн тулд байдаг л арга чаргаа хэрэглэж байсан гэнэ. Энгийн иргэд цагдаагийнхан болон жагсагчдын хооронд үүссэн гудамжны мөргөлдөөнд нэрвэгдэхгүйн тулд харсан зүгтээ зугатаж байна. Үймээн гаргагчид Афин хотод дэлгүүр, кино театр, кафе, банк зэрэг 40 гаруй  байшинг шатааж, 150 гаруй худалдааны газрыг тоножээ.

Mega сувгаар цацсан мэдээнээс үзвэл цагдаагийнхан үймээн гаргагчдаас 23 хүнийг саатуулсан байна. Ерөнхий сайд Лукас Пападимос энэхүү эсэргүүцлийн жагсаалыг буруушаалаа. “Вандализм, хүчирхийлэл, эмх замбараагүй байдал ардчилсан оронд байх зүйл биш. Бид үүнийг тэвчихгүй” гэж тэр мэдэгдсэн  байна. Даваа гаригийн шөнө гэхэд парламент зээлийн шинэ гэрээг баталлаа. Өнгөрсөн долоо хоногт ерөнхий сайд болон сөрөг хүчний төлөөлөгчид төсвийн зарлагыг 3,3 тэрбум еврогоор бууруулахаар тохиролцоо хийсэн байна. Гэвч Европын албан тушаалтнууд  грекчүүдийн тэрхүү таналтыг чамалж буйгаа мэдэгджээ. Өнгөрсөн баасан гаригт Брюссельд цугларсан евро бүсийн орнуудын Сангийн сайд нар, ОУВСангийн захирал Кристин Лаггард, Европын Төв банкны тэргүүн Драги нар Грект өшөө хатуу арга хэмжээ авах эсвэл евро бүсийг орхих санал тулгасан юм. Төрийн зардлыг 325 сая еврогоор бууруулахаас гадна тэд татвар цуглуулах, төрийн өмчийн худалдааг худасгах зорилгоор Грект өөрсдийн суурин төлөөлөгчдийг  суулгахыг шаардсан байв. Ийм маягаар Европын холбоо, ОУВС 2020 он гэхэд Грекийн өрийг нь дотоодын нийт бүтээгдэхүүний 129 хувьтай тэнцэх хэмжээнд бууруулахаар оролдож байгаа юм. 2011 оны дүнгээр  тус улсын өр 360 тэрбум евро буюу ДНБ-ний 360 хувьтай тэнцсэн байв.

Хэрэвзээ дээрх нөхцөлийг Грек хүлээн авбал хэдхэн хоногийн дараа тусламжийн мөнгө орж ирэх юм. Хоёрдугаар сарын 15-нд Еврогруппын ээлжит бус уулзалт хийгдэхээр зарлагдсан гэж Люксембургийн Жан-Клод Юнкер мэдэгджээ. Хэлэлцээрийг батлах үеэр парламентын жигүүрүүдийн хооронд улс төрийн маргаантай байлаа. Эрх баригч эвслийн зүүний төвийн ПАСОК намын лидер Йоргос Папандреу өөрийн жигүүрээс 21 депутатыг хасав. Өөр хоёр депутат сайн дураар жигүүрээс гарчээ. Мөн эвслийн өөр нэгэн нам “Шинэ ардчиллын” 21 гишүүнийг жигүүрээсээ хөөсөн аж. Дээрх хүмүүс гэрээний зарим заалтын эсрэг санал өгсөн учраас эвслээс хөөгджээ. Түүнчлэн ЛАОС нам гэрээний төлөө санал өгсөн гэж өөрийн хоёр депутатыг жигүүрээсээ хөөжээ.

Грекийн мэдээний дараа еврогийн ханш 0,3 хувиар нэмэгдэн нэг евро 1,3235 ам.доллартай тэнцэх болов. Түүхий нефтийн фьючерс АНУ-д нэмэгдэн, нэг баррелийнх нь үнэ 100 орчим ам. доллар болов. Долоо хоногийн эхний арилжаагаар Азийн биржийн индексүүд өссөн  байна.  

Ш.Мягмар

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж