Т.Ганди: Хоёргүй сэтгэлээр зүтгэнэ ээ

Хуучирсан мэдээ: 2012.02.14-нд нийтлэгдсэн

Т.Ганди: Хоёргүй сэтгэлээр зүтгэнэ ээ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Элчин сайд нарыг томилох тухай асуудлыг авч хэлэлцлээ. Тодруулж хэлбэл, Монгол Улсаас Австри улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Р.Болдыг, Вьетнам улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Д.Энхбатыг, Арабын Бүгд найрамдах Египет улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Б.Одонжилийг, Итали улсад суух Элчин сайдаар Ш.Одонбаатарыг томилуулахаар нэр дэвшүүлсэн юм. Мөн Польш улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар А.Ганбаатарыг, БНАСАУ-д суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар М.Ганболдыг, Тайландын Вант улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Ч.Баттөмөрийг, Унгар улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Т.Гандиг томилуулахаар Засгийн газар нь Монгол Улсын Ерөнхийлөгчтэй зөвшилцөөд буй юм. Эдгээр Элчин сайдад нэр дэвшигчдээс гишүүдийн хамгийн их анхаарлыг татсан нь Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Т.Ганди байлаа. УИХ-ын гишүүн С.Эрдэнэ болон Н.Батбаяр нар “Яагаад ажил үүргээ гүйцэтгэж байгаа хамгийн чухал яамны сайдыг Элчин сайдаар томилох болсонд гайхаж буйгаа хэлж, шахалт хавчилтаар аргагүйн эрхэнд Унгар улс руу томилогдох гэж байгаа юм биш биз гэсэн хардлага төрж буйгаа ч тэд хэлээд авав.

Гадаад харилцааны сайд Г.Занданшатар “Т.Ганди сайд бол УИХ-д дөрвөн удаа, сайдаар хоёр удаа томилогдож ажилласан туршлагатай улстөрч. Хаана ч ямар ч ажил хийгээд явах чадвартай учраас гадаад харилцааны салбарт ажиллахад олзуурхууштай байгаа. Ер нь жишиг харвал, Монгол Улсын Ерөнхий сайдын алба хашиж байсан хүн Элчин сайдаар томилогдож байсан түүх бий. Мөн Монгол Улсын Үндсэн хуульд Засгийн газрын гишүүн төрийн тусгай албанд томилогдоод явахад яах вэ гэдгийг хуулиар зохицуулсан байгаа. Тийм учраас хууль эрх зүйн хүрээнд зохицуулалтууд тусгалаа олсон байгаа” гэсэн юм.

Харин Элчин сайдад нэр дэвшигч Т.Ганди “Сэтгэл хоёрдохгүй ажиллана. Элчин сайдаар томилогдоод ажиллах хүртлээ үлдэж байгаа хугацаанд хаврын чуулганаар хэлэлцэх асуудлыг гараас гаргана. Элчин сайдаар нэр дэвшихэд санаа зовох, шахах шахалт болоогүй. Монгол Улсын төрд эрх зүйт төр бий болгохын төлөө хоёргүй сэтгэлээр ажиллаж ирлээ. Тодорхой хүсэлтийг маань дэмжиж саналаа өгнө байх. Томилогдсон тохиолдолд намаас түдгэлзэнэ. Тэр дагуу төрийн ажилд зүтгэнэ” гэлээ.

Хэлэлцэж байгаа асуудлын хүрээнд УИХ-ын гишүүн Д.Оюунхорол “Т.Ганди сайд бол манлайлагчдын нэг, шударга зарчимч, мэдрэмжийн боловсрол өндөртэйгээр эрчүүдтэйгээ эн тэнцүү өрсөлдөж гарч ирж байсан. Эрхэлж сонгогдож байгаагүй юм.  Ганц эмэгтэй сайдыг Унгар улсаас хариу иртэл ажлаа хийгээд байж байх итгэл үзүүлэхэд болохгүй гэх юм байхгүй. Илүү,дутуу үг дайхгүйгээр итгэл үзүүлье” гэлээ.

Түүнчлэн УИХ-ын гишүүд энэ үеэр Элчин сайдад нэр дэвшигчдийг томилогдсон нөхцөлд суугаа орондоо монгол иргэдийн эрх ашгийг хамгаалах талд хэрхэн ажиллах вэ гэдэгт хариулт өгөхийг хүссэн юм.

Үүнд Элчин сайдад нэр дэвшигч Ч.Баттөмөр: Тухайн суугаа орондоо монголчуудынхаа зовлон жаргалыг сонсож байсан туршлага бий. Тэр дагуу ажиллана.

Элчин сайдад нэр дэвшигч Р.Болд: Монгол Улсаас гадаад суугаа монголчуудын тоо 200 мянгад хүрч байна. Хууль бусаар сууж байгаа монголчууд ч бий. Гадаадад монголчуудад амьдрах болсон нь шинэ хандлага. Эрх ашгийг хамгаалах нь үндэсний эрх ашгийг хамгаалахтай адил яригдах ёстой. Хаалгаа хаах биш нээх чиглэлээр ажиллах ёстой. Хууль тогтоомжийг боловсронгуй болгохоос эхлээд нэлээд ажил бий. Монгол иргэдийн эрх ашгийг хамгаалах тал дээр бүх талын арга хэмжээ авч ажиллана.

Элчин сайдад нэр дэвшигч А.Ганбаатар: С.Эрдэнэ гишүүний хэлсэн санаануудыг бүрэн ойлгож байна. Иргэдийн эрх ашгийг хамгаалах тал дээр ажиллана.

Элчин сайдад нэр дэвшигч Н.Ганболд: Монгол иргэдийнхээ эрх ашгийг бодож Монгол Улсынхаа төлөө зүтгэнэ.

Элчин сайдад нэр дэвшигч Ш.Одонбаатар: Монгол Улсын язгуур эрх ашгийн нэг нь иргэдийн эрх ашгийг хамгаалах явдал. Суугаа орондоо ямар хууль тогтоомж байна, бүх чиглэлээр арга хэмжээ авч ажиллах болно гэдгээ хэлэх байна.

Б.Одонжил: Өмнө нь дипломат төлөөлөгчийн газарт ажиллаж байсны хувьд тухайн орныхоо хууль тогтоомжийг иргэддээ вэб хуудсаар дамжуулан мэдээлж, мөн холбогдох бүхий л газруудтай харилцаа холбоо тогтоох чиглэлээр ажиллах нь чухал үр дүнтэй гэж бодож байна.

Элчин сайдад нэр дэвшигч Д.Энхбат: Элчин сайд нарын хувьд суугаа орныхоо хууль тогтоомжийг иргэддээ ойлгуулж энэ чиглэлээр холбогдох газруудтай хэлхээ холбоо тогтоох чиглэлээр ажиллана гэсэн Б.Одонжилийн хэлсэнтэй санал нэг байна гэж тус бүр хариулт өгсөн юм.

Үүний дараа Элчин сайдад нэр дэвшигчдээр тус бүр санал хураалгахад Тайландын вант улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Ч.Баттөмөрийг томилохыг гишүүдийн 85.1 хувь,  Австрали улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Р.Болдыг томилохыг гишүүдийн 87 хувь,  Польш улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар А.Ганбаатарыг 88.9 хувийн саналаар, Унгар улсад суух Онц бөгөөд бүрэн Элчин сайдаар Т.Гандиг 90.9 хувийн саналаар тус тус дэмжив. Мөн БНАСАУ-д суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Н.Ганболдыг томилохыг гишүүдийн 91.1 хувь, Итали улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Ш.Одонбаатарыг томилохыг 90.9 хувь, Арабын Бүгд Найрамдах Египет улсад суух Элчин сайдаар Б.Одонжилийг томилохыг 93.3 хувь, Вьетнам улсад суух Элчин сайдаар Д.Энхбатыг томилохыг 91.1 хувийн саналаар тус бүр дэмжсэн юм. Ингээд энэ асуудлыг Ерөнхийлөгчид мэдүүлэхээр болж тогтлоо.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж