Английн хөлбөмбөгийн холбооноос талбайн шүүгч Мартин Аткинсоны талаар хэлсэн шүүмжлэлийг үндэслэн “Манчестер Юнайтед”-ын менежер Сэр Алекс Фергусонг таван тоглолтоор шийтгэсэн байна. Энэ сарын эхээр “Челси”-гийн Стэмфорд Бриж цэнгэлдэхэд 2:1-ээр хожигдсон тоглолтын дараа Сэр Алекс MUTV телевизэд өгсөн ярилцлагадаа “Бүгд л шударга, хүчтэй шүүгчийг хүсэмжилдэг. Харин бидэнд тийм нь олдсонгүй” хэмээн ярьсан нь шийтгэл хүлээх үндэслэл болсон юм. Түүний шийтгэл энэ сарын 22-ноос эхлэн хэрэгжих бөгөөд талбайн гадна өнгөрүүлэх таван тоглолтын дотор FA Cup-ын хагас шигшээд “Манчестер Сити”-тэй хийх тоглолт багтаж байна. Өдгөө 69 настай Сэр Алекс таван тоглолтод багаа удирдах боломжгүй болсноос гадна 30 мянган фунт стерлингийн мөнгөн торгууль мөн хүлээх болжээ. Дээрх шийдвэрийг гаргасан шалтгааныг 24 цагийн дотор Сэр Алекс Фергусонд хүргүүлэх бөгөөд тэрбээр 48 цагийн дотор давж заалдах эрхтэй гэнэ. Тийм ч учраас шийтгэлийг бямба гаригт талбайдаа “Болтон Вандерерс”-ийн эсрэг хийх Премьер лигийн тоглолтын дараачаас эхлүүлэх болсон байна. Хэрэв Сэр Алекс дээрх шийтгэлийг хүлээн зөвшөөрвөл Премьер лигийн хүрээнд “Уэстхэм”, “Фулхэм”, “Эвертон” болон “Арсенал”-тай хийх тоглолтоос гадна алдарт Уэмбли цэнгэлдэхэд “Сити”-тэй тоглох Холбооны цомын тэмцээний хагас шигшээ тоглолтод талбайн гадна байх болж байна. Түүнд ногдуулсан уг шийтгэл Премьер лигийн түүхэн дэх хамгийн урт хугацааны шийтгэл болж болох юм. Өмнө нь “Арсенал”-ын Арсень Венгер 2000 онд хажуугийн шүүгчийг түлхсэн учир 12 тоглолтоор шийтгүүлж байсан ч давж заалдан улмаар нэг тоглолт болгон багасгаж байжээ.
С.Цэлмэг