Валентины баяраар хуц, согоо хоёрыг “гэрлүүлнэ”

Хуучирсан мэдээ: 2012.02.14-нд нийтлэгдсэн

Валентины баяраар хуц, согоо хоёрыг “гэрлүүлнэ”

Гэгээн Валентины баярын энэ өдөр Хятадад нэгэн өвөрмөц “хурим” болох гэж байна. ВВС агентлагийн дамжуулснаар Хятадын Юньнань мужийн амьтны хүрээлэнгийн “Чанмао” буюу “Урт ноост” хэмээх хуц, “Чуньцзы” буюу “Ариун” хочит согоо хоёрын ер бусын харилцаа олны сонирхлыг татаж, жинхэнэ од болцгоожээ.  Орон нутгийн телевизээр тэдний тухай зураглал ч гарсан гэнэ.

“Урт ноост”, “Ариун” хоёр нялхаасаа амьтны хүрээлэнгийн өвсөн тэжээлт амьтдын хэсэгт хамтдаа амьдарч ирсэн бөгөөд бие биеэсээ холдож байсангүй. Согоо хуцны ноосыг байнга долоож “энхрийлдэг” бол хуц согоонд ямар ч бугыг ойртуулалгүй мөргөн хөөдөг болжээ. Тэр бүү хэл хуц, согоо хоёр эвцэлдэж байхыг амьтны хүрээлэнгийн ажилтнууд харжээ. Харин өнгөрсөн жил тэр хоёр нэг хэсэг хөндийрсөн байна. Хэргийн учир юунд байв гэвэл хуц үерхэлдээ үнэнч байсангүй, амьтны хүрээлэнгийн нэгэн эм хониноос түүний хурга төрсөн гэнэ. Үүнээс болж амьтны хүрээлэнгийн захиргаа хуц, согоо хоёрыг тусгаарлахаар болжээ.

Хэдийгээр мань хуц эм хонь, хурга хоёртой хамт байх болсон ч ааш авир нь догширч, харин согоо хашааны завсраар шургаж “хайртай Урт ноост”-доо ойр байхыг хичээх болжээ. Амьтны хүрээлэнгийн судлаачид “хайртай хос”-ыг хамтад нь зоргоор нь байлгахаар болж өнөөдөр ийнхүү хуримлуулахаар болоод байгаа юм. Өнөөдөр Юньнаний  амьтны хүрээлэнгийнхэн тус бүр нь 66 юань буюу 10 ам.долларын үнэтэй 500 тасалбар борлуулахаар болжээ. Уг тасалбарыг авсан үзэгчид амьтдын хуримыг үзэж болох юм байна. Гэрлэх ёслол дээрээ” хос хоёр” хуримын хувцсаар гангарах гэнэ.

                                Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж