Хуучирсан мэдээ: 2011.03.17-нд нийтлэгдсэн

Золиос

Бид аливаа шийдвэрийг гаргахын тулд зэрэгцээ байсан бусад бүхий л боломжуудийг ямагт золисолж байдаг. Хэрэв зөв шийдвэр байнга гаргадаг бол бид золиос гэдэг нэр томъёог бараг хэрэглэхгүй байсан байх биз ээ. Эдийн засагт үүнийг алдагдсан боломжийн өртөг гэж хэлээд байх шиг байгаа юм. Гаргаж буй шийдвэрийн үр дүн нь богино эсвэл дунд, урт хугацаанд гарахаас хамааран ихэнх хүмүүс сонголтоо хийхийг хичээдэг байх. Дийлэнх хүмүүс богино хугацаанд өгөөж хүртэхийг хүсдэг нь энэ нь өөрөө хамгийн эрсдэлтэй шийдвэр гаргалтын үндэс болж өгдөг. Нэгэнт гаргасан шийдвэрийг хойноос харамсах нь шийдэл биш боловч дараагийн шийдвэрийг гаргахад туршлага болох нь дамжиггүй.

Японд хүчтэй газар хөдлөлт болсны уршгаар дэлхийн тэнхлэг бага зэрэг хазайлаа гэсэн мэдээллүүд хэвлэлээр цацагдаж буй. Харин бидний цөөхөн Монголчуудын маань амьдралын үнэ цэнийн тэнхлэг бүр байраа солиогүй биз дээ гэсэн бодол зэрэгцээд төрсөн бөлгөө.

Бид Масловын хэрэгцээний шатлалын онол гэж их сургуульд үздэг байсан. Энэхүү онолоор бол аливаа хүн эхэлж физиологийн хэрэгцээгээ хангаж байж аюулгүй байдал, эд хөрөнгө цаашилбал найз нөхөрлөл, хамтын амьдрал, бүр дээшилбэл өөртөө итгэл итгэл, бусдыг хүндэтгэх, бусдаар хүндлүүлэх зэрэг шатаар дамжсаар эцэстээ өөрийгөө таньж нийгэмдээ хаана яваагаа мэдэрдэг гэж заадаг билээ. Нэгэнт дээр дурдсан бүхий л шатыг амжилттай давсан нөхөр ёс суртахууны хувьд төлөвшин, асуудлыг бодитойгоор шийдэхийг хичээхээс гадна аливаа баримтыг хүлээн зөвшөөрөх чадвартай болдог. Ухаан нь өөрийгөө бүрэн дүүрэн ухаж мэдэж танисан гэсэн утгатай юм уу даа.

Энэхүү шатлалын яг эсрэгээр амьдралын зургаа зурмар аядаад явж буй нижгээд хүмүүстэй би ойрмогхон тааралдсанаас гадна ижил төстэй нөхдүүдийн талаар хэвлэлээр хангалттай мэдээлэл авах юм. Ухаан нь яагаа ч үгүй байж өөрийгөө аль хэдийн таниад мэдэрчихсэн нөхдүүдийн талаар хэлж байгаа хэрэг бөгөөд эдгээр нөхдийн анхан шатны хэрэгцээ нь өөрийгөө таних болон бусдад ямар ч хамаагүй аргаар таниулах. Богино хугацааны өгөөж харсан шийдвэрийнхээ эрсдлийг бууруулахын тулд худлаа ярьдаг, хулгай хийдэг, магадгүй хүн ч алахаас сийхгүй. Ингэж байж нөхөр өөртөө итгэлтэй болох агаад бусдын хүндлэлийг хүчээр буюу мөнгөөр авахыг оролдоод байдаг юм уу даа гэж харагдах юм. Нэгэнт анхнаасаа иймэрхүү харилцаан дээр эхэлсэн нөхөрлөл цаг зуурын хэврэгхэн холбоос байх нь элбэг бөгөөд гэр бүлийн харилцаа нь ч гэсэн эд хөрөнгө, нэр төр гэсэн өнгөн дээр суурилсан амархан салдаг гагнаас байх нь дамжиггүй. Гэсэн ч яагаад ингэж ижил буруу дугуйнууд хоорондоо нийлээд байгаагийн шалтгаан нь магадгүй эргээд л хялбар аргаар мөнгө олох гэсэн, бэлэн зэлэн амьдрал мөрөөдсөн нөхдүүдийн нэгдэл байх нь элбэг болов уу. Зуурдын ч болтугай иймэрхүү харилцаанд орж байж нөгөө нөхөр маань түр зуур ч болов толгой хорогдох тансаг оромжтой, чадахгүй ч гэсэн хий цалин авдаг ажлын байртай, болсон болоогүй хөрөнгийн цуглуулгатай болдог юм болов уу? Масловын пирамидын орой нь эдгээр хүмүүсийн хувьд физиологийн хэрэгцээ нь болж таарах гээд байгаа юм. Гэвч хүний амьдралыг тэтгэгч агаар нь хорт хий болсон, хоол нь химийн хороор тэжээгдсэн, ус нь уул уурхайн хүчлээр найрагдсан орчин бүхий нийгмийг бүрдүүлснээ өвчний улмаас дутуу нойртой хонож эхлэх эсвэл гаж хөгжилтэй ураг тээснээрээ мэдэх авай.

Бид аливаа шийдвэрийг гаргахдаа заавал нөгөө зүйлийг нь золиосолж байдаг. Гэхдээ тэрхүү золиос нь та бидний ирээдүй байж хэрхэвч таарахгүй.

http://vganzorig.blogspot.com/

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж