Каддафийн хүүг гэрийн хорионд оруулав

Хуучирсан мэдээ: 2012.02.13-нд нийтлэгдсэн

Каддафийн хүүг гэрийн хорионд оруулав

Ливийн удирдагч агсан хурандаа Муаммар Каддафийн хүү Саади Ливийн түр Засгийн газрын эсрэг бослогыг толгойлно гэж Нигерийн телевизэд ярилцлага өгсний дараа түүнийг гэрийн хорионд оруулж, утсаар ярихыг нь хоригложээ. Саади Каддафи Ливид эцгийнх нь дэглэм нуран унасны дараа өнгөрсөн есдүгээр сард Нигери рүү дүрвэн гарсан юм. Нигери түүнд улс төрийн орогнол олгосон боловч Ливийн одоогийн удирдагчид түүнийг шилжүүлэн өгөхийг шаардсан байна. Саади Каддафи Ливид төрийн эргэлт гаргаж, бослогыг толгойлно гэж Аль Арабиа телевизээр мэдэгдсэнийг Ливийн түр Засгийн газрынхан тус улсад хүчирхийлэл дахин гарахын дохио гэж үзэж байгаа аж.  Ливийн түр Засгийн газрын үндэсний зөвлөл "Саади Нигери дэх улс төрийн орогнолоо ашиглан Ливийн ард иргэд, хувьсгалын эсрэг түрэмгийлэл явуулахаар төлөвлөж байна.” гэж мэдэгджээ. Ливийн хувьсгалт босогчид энэ сарын 17-нд дарангуйлагч агсан хурандаа Муаммар Каддафийн дэглэмийг унагасны зургаан сарын ойг тэмдэглэх юм байна. Ливийн түр Засгийн газар үндэсний арми, цагдаа, хүчний байгууллагыг шинээр бүрдүүлэхээр ажиллаж байгаа гэнэ. Ливи ирэх зургадугаар сард Үндэсний ассамблейн сонгууль явуулахаар төлөвлөж байгаа боловч босогчдын жижиг бүлэглэлүүдийн хооронд зэвсэгт мөргөлдөөн тасраагүй гэнэ. Нигери рүү дүрвэн гарсан Саади Каддафи эцгийнхээ засгийн үед нэртэй бизнесмен, хөлбөмбөгийн үндэсний лигийн тэргүүн байжээ. Каддафийн ууган хүү, залгамжлагч гэгдэж байсан Сэйф аль-Исламыг  Ливийн шүүхээр шүүх гэж байгаа бол эхнэр болон бусад хүүхдүүд, ач нар нь Алжир руу дүрвэн гарчээ.

Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж