Адармаатай тавилангийн эзэн | News.MN

Адармаатай тавилангийн эзэн

Хуучирсан мэдээ: 2012.02.13-нд нийтлэгдсэн

ХҮМҮҮС

Адармаатай тавилангийн эзэн

Адармаатай  тавилангийн эзэн
Уитни Хьюстон 48 насандаа хорвоог орхилоо. Түүний богинохон амьдрал тэмцлээр дүүрэн он жилүүд байлаа. Хэрээс хэтэрсэн гэмээр их тэмцэл Хьюстоны амьдралын сүүлийн жилүүдийн дүр зураг байв. Эрүүл ухаантай байхын төлөөх их тэмцэл энэ эмэгтэйд даагдашгүй их ачаа мэт байсаар, даахын аргагүй тэр ачааг үүрэх гэж зүтгэсээр түүний амьдрал унтрав.
Солир мэт харван гэрэлтсэн түүний амжилтын жигүүр, сая сая шүтэн бишрэгчтэй агуу том одын амьдрал лааны гэрэл салхинд бөхөн унтрах мэт уруудсан шалтгааныг Бобби Браунтай холбон тайлбарлах нь элбэг. 1992 онд Уитни Хьюстон Бобби Браун хэмээх репчин залуутай гэрлэсэн. Дараа жилээ Кристана охиноо төрүүлсэн. Энэ бол Хьюстоны цорын ганц хүүхэд. Харин 2007 онд тэр нөхрөөсөө салсан. Дунд давхаргын албан хаагчийн охин байсан Хьюстон Бостоны хамгийн “хогийн” дүүргийн нэг залуу болох Бобби Браунтай гэрлэсэн билээ. Үүнийгээ тэрбээр “Гүнж гудамжны залуутай гэрлэсэн нь тэр” хэмээн 2009 онд өгсөн ярилцлагадаа хүйтнээр тодорхойлж байсан удаатай.

Амжилтын шатаар асар хурдтай өгссөн Хьюстон 1994 оноос уруудаж эхэлсэн. Товлосон тоглолтуудаа цуцлах, тайзан дээр мэргэжлийн бус байдлаар дуулах гэх зэргээр нэр хүндээ алдаж эхлэв. Энэ үеэс түүнийг нөхөртэйгээ хамт хар тамхи хэрэглэх болсон тухай цуу яриа тархсан билээ. Гэвч тэд үгүйсгэсээр байлаа. 2000 онд байдал бүр дордов. Өөрийг нь алдрын оргилд аваачсан “Ариста рекордс”-ын захирал Клайв Дэвисийн зохион байгуулсан маш том тоглолтоо Хьюстон таслав. Удаа ч үгүй Кино академийн шагнал гардуулах ёслолд дуулах байснаа бас л ирсэнгүй. Хэвлэлийн төлөөлөгч нь “Хоолой нь болохгүй байгаа” гэж дахин дахин мэдэгдэн, дуулиан шуугианыг аргалахыг оролдсон юм. Гэвч хүмүүс юу болоод байгааг хэдийнэ гадарласан байв. 

2001 онд Майкл Жексонд зориулсан хүндэтгэлийн тоглолтод аймшигтай зүс царайтай очиж, танигдахын аргагүй муухай хоолойгоор дуулсан нь дараагийн шуугиан байлаа. Энэ удаа гэр бүлийн харилцаанаас үүдэлтэй стрессэд орсон хэмээн тайлбар өгөв. Хэтэрхий эцэнхий туранхай болсныгоо стрессээс болж хоолноос гарсантай холбож тайлбарлав.

2002 онд шар хэвлэлүүд Уитни Хьюстоныг жилдээ 750 мянган ам.долларыг хар тамхинд зарцуулдаг хэмээн бичих болов. Бобби Брауныг эхнэрээ зоддог болсон тухай ч шуугив. Харин 2006 онд Хьюстоны Атланта дахь гэрийн угаалгын өрөөний зураг шар хэвлэлүүдийн эхний нүүрийг чимлээ. Хар тамхи асгарсан, шар айрагны шил хөглөрсөн энэ өрөөний зургийг түүний хадам эгч хэвлэлийнхэнд зарсан гэдэг.

2007 онд Хьюстон нөхрөөсөө саллаа. Хар тамхи, архины эсрэг эмчилгээнд сайн дураараа явж эхлэв. Одоо л тэр өөрийнх нь амьдрал архи, тамхины мананд дэндүү зузаан сааралтсаныг хүлээн зөвшөөрлөө. Дахин хөл дээрээ босох гэж хоёр жил байдаг чадлаараа тэмцэв. Тэмцлийн үр дүнд шинэ цомог гаргалаа. Долоон жилийн турш юу ч хийгээгүй түүний хувьд дахин төрсөн мэт шинэ амжилт байв. Тэр цомог тийм ч амжилттай биш гэлээ нэг сая хувь борлогдсон билээ. Гэтэл Хьюстоны анхны цомог 13 сая хувь борлогдож байсан түүхтэй. Опра Уинфрид өгсөн ярилцлагадаа Хьюстон бурханд залбирдаг болсон тухайгаа хуучлав. “Бурхан байдаг юм билээ. Би мэдсэн. Тэнд гэрэл гэгээ нуугдаж байгааг ч анзаарсан. Тэр гэрлийг би эргүүлж авахыг хичээж байна” хэмээн ярьсан юм.

Харин өнгөрсөн жилээс тэр мансууралд автсан бараан амьдралдаа эргээд орсон. Ялангуяа амьсгал хураахын өмнөх 2-3 хоногийн турш тэрбээр энэ байдлаа дэндүү тод томруунаар харууллаа. Өнгөрсөн пүрэв гаригт болсон Грэммийн ёслолын угтал болсон үдэшлэг дээр хачин эв хавгүй хувцасласан, үс гэзэг нь сэгсийсэн түүнийг очиход хэвлэлийнхэн хангалттай олон зураг дарж авчээ. Хөлс юм уу, ус юм уу духнаас нь урсчихсан байсан гэнэ. Амнаас нь архи, тамхины эхүүн үнэр ханхийж байсан ч гэнэ. Орой нь Холливудын нэгэн шөнийн клубт болсон үдэшлэгт оролцож “Исүс надад хайртай” дуугаа хачин эвгүй хоолойгоор дуулжээ. Энэ бол түүний хамгийн сүүлчийн тоглолт байлаа. Бямба гаригт түүнийг зочид буудлынхаа өрөөнд амьсгал хураасан байхыг нь олсон билээ. Шөнийн клубт тийнхүү амьдралдаа сүүлчийн удаа дуулахдаа бугуй нь зүсэгдэж шалбарсан шархтай, түүнээс нь дусалсан байж мэдэх цусан толбонууд хөлөөр нь дүүрэн харагдаж байжээ.

Энэ мэт таагүй дурсамжууд хөвөрч байгаа ч түүний дуунд дуртай сая сая хүмүүс Хьюстоныг муу, муухай эмэгтэй гэж хэзээ ч бодож байгаагүй. Тийм таагүй төсөөллийг үнэндээ бодохыг огт хүсдэггүй билээ. Одоо түүний цорын ганц хүүхэд болох Кристина охины тухай ярьж байна. 18-тай Кристина ээжийнхээ хоолойг өвлөж авсан гэдэг. Ээж нь түүнийг дуучин болгохоор ажиллаж байсан ч гэдэг. Гэхдээ охины тухай таагүй мэдээллүүд бас л хөвөрсөөр. Шөнийн клубт согтуу байсан тухай, хар тамхинд мансуурсан явж байсан тухай нь үе үехэн шар хэвлэлүүд бичдэг. Ээжтэйгээ тун дотно байсан охин одоо сэтгэл зүйн хямралд орон эмнэлэгт эмчлүүлж байгаа. Тэр ээжийнхээ адил алдар өөд өгсөх болов уу? Эсвэл?

“Бүгд л түүнийг дуурайхыг хүсдэг ч, хэн ч хэзээ ч түүн шиг дуулж чадаагүй” хэмээн Уитни Хьюстоны тухай мэргэжилтнүүд дурсаж байна. Тэр зүгээр л нэг дуучин байгаагүй. Хөгжмийн ертөнцөд бүхэл бүтэн үзэгдэл болон гарч ирсэн агуу хоолой, гайхамшигт авьяас байсан юм. Баяртай, Хьюстон. Адармаатай хувь тавилангийн эзэн минь.

 

 

Б.ЦАЦРАЛ

 

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж