Дамжин өнгөрөх тээвэрлэлтийн асуудлаар БНХАУ харилцан ашигтай байх зарчим баримтлахаа илэрхийлэв

Хуучирсан мэдээ: 2010.04.11-нд нийтлэгдсэн

Дамжин өнгөрөх тээвэрлэлтийн асуудлаар БНХАУ харилцан ашигтай байх зарчим баримтлахаа илэрхийлэв

Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд БНХАУ-ын Дэд дарга Си Жиньпинтэй уулзаж, Боаогийн чуулга уулзалтыг амжилттай зохион байгуулж буйд баяр хүргэж, өндөр дээд хэмжээний уулзалтууд хийх боломж болгосонд талархал илэрхийлэв. Мөн харилцан ашигтай нэмүү өртөг бүрдүүлэх хамтын ажиллагааг хөгжүүлэх бүрэн боломжтойг онцлон дурдлаа.   
Уул уурхай, эрчим хүч, банк санхүүгийн салбар дахь хамтын ажиллагааг өргөжүүлж, авто болон төмөр зам зэрэг дэд бүтцийг хөрш орнуудтайгаа хамтран хөгжүүлэх, далайд гарцгүй орны хувьд дамжин өнгөрөх тээврийн яриа хэлэлцээг ахицтай явуулах зорилттойгоо өгүүллээ.
БНХАУ-ын Дэд дарга Си Жиньпин санхүүгийн хямралын нөхцөлд ч хоёр талын санаачилгын үр дүнд худалдаа, эдийн засгийн харилцааны үзүүлэлт сайн байгааг дурдаж, үлгэр жишээ болохуйц томоохон төслүүдийг хамтран хэрэгжүүлж, уул уурхай, эрчим хүч, дэд бүтэцийн салбарыг хөгжүүлэх боломжтойг онцлов.
Дамжин өнгөрөх тээвэрлэлтийн асуудлаарх Монголын байр суурийг БНХАУ-ын тал чухалчилан үзэж, НҮБ-ын хүрээнд байгуулсан холбогдох баримт бичигүүдийн дагуу харилцан ашигтай байх зарчим баримтлахаа цохон тэмдэглэв.
Монгол Улс нь Боаогийн чуулга уулзалтыг санаачилагчийн хувьд идэвхитэй оролцож Азийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд хувь нэмэрээ оруулж ирсэнийг өндөрөөр үнэлдэгээ илэрхийллээ.

Ийнхүү Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд амралтын өдрүүдэд Азийн төлөөх Боаогийн чуулга уулзалтанд оролцож ногоон эдийн засгийн асуудлаар илтгэл тавьж хэлэлцүүлэн дэлхийн удирдагчидтай санал солилцсон уулзалтууд өндөрлөв. 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж