Чингис хаан судлалын олон улсын бага хурал боллоо

Хуучирсан мэдээ: 2012.02.10-нд нийтлэгдсэн

Чингис хаан судлалын олон улсын бага хурал боллоо

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулж буй “Чингис хаан судлалын тулгамдсан асуудлууд” олон улсын эрдэм шинжилгээний бага хурал өчигдөр боллоо. Тус хурал нь Монгол төдийгүй дэлхийн түүхэнд суу алдраа мандуулсан мянганы их хүн эзэн Чингис хааны мэндэлсэний 850 жилийн ойд зориулж буйгаар онцлог аж. Эрдэм шинжилгээний хуралд АНУ, БНХАУ, БНСУ, ОХУ, Их Британи, ХБНГУ болон Монголын Чингис хаан судлалаар дагнан мэргэшсэн 40 гаруй эрдэмтэн судлаачид оролцон Чингис хаан судлалын онол, түүхийн тулгамдсан асуудлаар санаа бодол солилцон, цэц ухаанаа уралдуулсан юм. Чингис хаан судлал нь агуулгын багтаамж, хамрах хүрээ, өргөн түүх, шинжлэлийн харьцангуй бие даасан том салбар юм. Тэр ч утгаараа хуралд оролцсон судлаач, эрдэмтэд Чингис хаан судлалын хүрээнд багтах гүн ухаан, түүх, улс төр, эрх зүйн соёл, ёс заншил урлаг угсаатны зүй судлалын олон тулгамдаж буй асуудлаар сонирхолтой илтгэлүүд тавьсан билээ.

“Чингис хаан” дээд сургуулийн багш Х.Шагдар “Чингис хаан судлалын тулгамдсан асуудал”, академич Д.Төмөртогоо “Дөрвөлжин бичиг ба Юань гүрний бичиг үсгийн бодлого”, доктор профессор Ш.Чоймаа “Чингис хааны бага нас” сэдэвт илтгэл тавилаа.

Хуралд оролцсон эрдэмтэн, судлаачид Чингис хаан дэлхийн хүн төрөлхтний түүхэнд орчин үеийн даяарчлалын үйл явцыг эхлүүлсэн, 13 дугаар зууны монголчуудын эрх зүйн сэтгэлгээ гэх мэт олон сонирхолтой асуудлыг хөндөж байв. Эрдэмтдийн сонирхлыг хамгийн их татаж байсан зүйлийн нэг бол “Чингис хаан” дээд сургуулийн эрдэмтэн багш нарын туурвисан Чингис хааны нэвтэрхий толь байсан. Мөн хуралд оролцогчид Их Монгол улс, Монголын эзэнт гүрний түүх, соёлын дурсгал газрын зураг, баримтат киноны нээлт болж, эзэн хааны амьдралыг харуулсан үзэсгэлэн гаргасан байна. Дээрх толь бичгийг 2002 оноос хойш бичиж эхэлсэн бөгөөд 2004 онд 40 гаруй хэвлэлийн хуудаст багтааж, 1000 гаруй толгой үсгийг тандан тайлбарлаж, 181 газар усны нэр, 130 хот суурин, 20 орчим орон, 21 угсаатан, үндэстэн зэрэг1409 зүйлийн өгүүлэл тайлбартай бүтээлийг хэвлүүлсэн аж.

Б.Баатар

"Улс төрийн тойм" сонин

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж