-Хэвийн боов үйлдвэрлэгч хэчнээн байгууллагыг шалгасан бэ. Зөрчил хэр их гарав?
-Нийслэлийн мэргэжлийн хяналтын дэд даргын баталсан Сар шинийн баяр болж байгаатай холбогдуулаад аж ахуй нэгжийг шалга гэх удирдамж гарсан. Уг удирдамжийн дагуу 2012 оны хоёрдугаар сарын 8-нд нийслэлийн мэргэжлийн хяналт, Баянгол дүүргийн мэргэжлийн хяналтын газар хамтраад Баянгол дүүргийн 18 дугаар хороонд байрлах гандантэгчилэн хийд болон ойр орчимд нь шалгалт хийсэн. Энэ үеэр Гандантэгчилэн хийдийн гал тогоонд хийгдэж байгаа хэвийн боов стандартын болоод эрүүл ахуйн нөхцөл хангахгүй байгааг тогтоосон. Тиймээс бид шаардлагатай цэвэрлэгээ, ариутгал хийхийг даалгасан. Мөн тус хийдийн ойр хавьд шалгалт хийсэн. Энэ үеэр хувь хүмүүс Гандантэгчилэн хийдийн нэрийг ашиглан, хаана үйлдвэрлэсэн нь мэдэгдэхгүй, хаяг шошгоны зөрчилтэй хэвийн боов худалдаалж байгаа хэрэг олон гарсан. Ер нь энэ сарын 15-нийг дуустал бүх дүүргээр шалгалт явагдаж байгаа.
-Шалгалтын эцсийн дүн хэзээ зарлах вэ?
-Энэ сарын 15 гэхэд бүх газраа шалгаад 17-нд нэгдсэн дүнг мэдээлнэ.
-Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас Гандантэгчилэн хийд ул боов хийж байгаа нь стандартын болоод эрүүл ахуйн шаардлага хангаагүй гэж үзсэн. Та энэ дүгнэлттэй санал нэг байна уу?
-Шаардлага хангасан, хангаагүй эцсийн бүтээгдэхүүн дээр харагдана. Манай хийд хийсэн хэвийн боовоо нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дэргэдэх лабораторит шинжлүүлэхээр өгсөн. Эцсийн бүтээгдхүүний шинжилгээний үр дүн гараагүй байгаа. Ер нь хэний хүсэлтээр гэнэт шалгалт хийснийг мэдэхгүй юм. Тэгэхдээ ганцхан Гандантэгчилэн хийд хэвийн боов хийгээгүй шүү. Хувь хүн болоод албан байгууллага ч хийж байгаа. Жишээ нь: манай хийдийг тойроод хувь хүмүүс “Гандангийн хэвийн боов” гээд зарж л байна. Сая наашаа орж ирэхдээ харсан байх “Гадны хүн орохыг хориглоно”, “Хэвийн боов иргэдэд худалдахгүй” гээд бичсэн байгаа. Манай хийд 700 гаруй ламтай хэрэгцээнийх нь хэвийн боовыг өгөж чадахгүй байна. Хийдийн байшин барилга чанарын шаардлага хангахгүй байгаа нь үнэн. Бид энэ талаар Онцгой байдлын ерөнхий газар болон нийслэлийн Мэргэжлийн хяналтын газарт хэлсэн. Харин хэвийн боовны чанарын тал дээр гэвэл манай хийд харьцангуй чанартай бүтээгдэхүүн хэрэглэдэг. Хэрэглэж байгаа хүнсний зүйлүүд дандаа дотоодын бүтээгдэхүүнүүд байдаг. Тиймээс хүний биед сөрөг нөлөөгүй юм.
-Хэрэглэгчдэд хэвийн боовоо худалдах уу?
-Хүсэл их байна. Даанч манай гол тогооны хүчин чадал хүрэхгүй байна. Хийдийн гал тогооны барилга 1983 онд аж ахуйн зориулалтаар баригдаж байсан юм. Хүчин чадал үнэхээр муу байгаа болохоор хүссэн ч чадахгүй байна. Тиймээс ирэх жилээс гал тогоогоо энэ байгаагаас нь гурав дахин томруулна.
-Гандантэгчилэн хийдийн гадуур хувь хүмүүс гандангийн хэвийн боов гээд худалдаалж байна. Энэ тал дээр хийдийн захиргаа арга хэмжээ авсан уу?
-Эдгээр хүмүүсийг бид буруутгахгүй байгаа. Үнэхээр чанарын шаардлагыг нь хангаад хэрэглэгчдэд хүргэж чадаж байгаа бол сайн байна.
-Иргэддээ энэ жил хэчнээн ширхэг хэвийн боов худалдаалсан бэ. Цагаан сараас өмнө хэвийн боовоо дахин худалдаанд гаргах уу. Нэг ширхгийг нь хэдэн төгрөгөөр худалдаж байна вэ?
-Нийт 10 мянган хэвийн боов худалдаалаад байна. Өдөрт мянгыг хийлээ гэж бодоход 10 өдөрт багтаагаад 10 мянган хэвийн боов үйлдвэрлэнэ гэж тооцоолж байна. Нэг ширхгийг 1700 төгрөгөөр борлуулж байгаа.
Гандантэгчилэн хийдээс хэвийн боов авахаар ирсэн иргэн У.Батдоржоос хэдэн асуулт асуусан юм.
-Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас Гандантэгчилэн хийдийг шалгаж үйлдвэрлэж байгаа хэвийн боов нь стандартын болоод эрүүл ахуйн чанар хангахгүй гэсэн дүгнэлт хийсэн. Энэ мэдээллийг сонссон уу?
-Сонссон.
-Мэдсээр байж яагаад хэвийн боов авахаар ирсэн юм бэ?
-Гандангийн хэвийн боовыг аравнайлж, рашаанаар зуурсан гээд л давуу талтай зүйл олон байгаа. Тийм болохоор авах гэж ирсэн. Ямартай ч ийнхүү хариулах хүн олон байсан юм.
Тэд чанрын шаардлага хангахгүйг нь мэдсээр байсан ч хэвийн боов авахаар Гандантэгчилэн хийдийг зорьсоор.