Шувууны “Төрөх эмнэлэг”-тэй боллоо

Хуучирсан мэдээ: 2012.02.09-нд нийтлэгдсэн

Шувууны “Төрөх эмнэлэг”-тэй боллоо

“Түмэн шувуут” ХХК өнөөдөр өөрийн байранд шувууны “төрөх эмнэлэг”-ийнхээ нээлтийг хийлээ. Монголын шувууны аж ахуйн хөгжлийг дэлхийн стандартад хүргэх зорилгоор монголд анх удаа ийнхүү өөрийн гэсэн шувууны “төрөх эмнэлэг” буюу инкубаторын  нээлтийг хийсэн юм. Нээлтийн ажиллагаанд ХХААХҮ-ийн сайд Т.Бадамжунай болон шувууны аж ахуйн төлөөлөгчид, хэвлэл мэдээллийнхэн оролцлоо. “Түмэн шувуут” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ж.Болд нээлтийн үеэр шинээр үйлдвэрлэлд нэвтрүүлж буй энэхүү инкубаторын үйл ажиллагаа, хүчин чадал болон компаниахаа талаар ирсэн зочдод дэлгэрэнгүй танилцуулав.

“Түмэн шувуут” ХХК нь ХХААХҮЯ-ны Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих сангийн хөнгөлттэй зээлээр 300 сая төгрөгийн үнэ бүхий 600 м.кв “төрөх эмнэлэг” буюу найман инкубаторыг суурилуулан өнөөдөр эхний өндгүүдээ хүлээн авлаа. АНУ-ын “Жеймс Вэй” компанийн зураг төслөөр барьсан энэхүү найман ширхэг инкубатор нь нэг ээлжиндээ 153.600 ширхэг өндөг, жилд 921.600 ширхэг өндөг дарах хүчин чадалтай юм байна. Эерэг био энергитэй, тэжээллэг, эрүүл өндөг үйлдвэрлэхийн тулд дараах шат дамжлагыг дамждаг байна. Тодруулбал, ОХУ-аас хүлээн авсан үржлийн өндгийг  21 хоног инкубатор буюу төрөх эмнэлэгт байрлуулан дараа нь гурван сар дэгдээхэйн байранд бойжуулан 120 хоногийн настай тахиануудаас  өндөг хүлээн авч  зах зээлд нийлүүлдэг юм байна.

“Түмэн шувуут”  компани нь 2004 онд тахианы аж ахуй, өндөгний үйлдвэрлэл худалдааны чиглэлээр байгуулагдсан бөгөөд “Түмэн” сувиллын өндөг брэнд бүтээгдэхүүнийг Монголын зах зээлд нийлүүлдэг. Тус компани нь “Родонит 3”, “Хайсекс Уайт”, “Хайсекс Браун” үүлдрийн 170 мянган өндөглөгч тахиатай бөгөөд бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн хувьд жил ирэх тусам тоо ширхэг нь ахиж байгааг компанийн удирдлагууд ХХААХҮ-ийн сайд Т.Бадамжунайд танилцуулсан юм. Өнгөрсөн жил тэд зах зээлд 34.2 сая ширхэг өндөг нийлүүлсэн бол энэ жил тус компанийхан 41 сая ширхэг өндөг нийлүүлэхээр зорилт тавьсан аж. Инкубаторын нээлтэд ирсэн ХХААХҮ-ийн сайд Т.Бадамжунай “Бид монголдоо шувууны “төрөх эмнэлэгтэй” болж, энэ салбарт тавьсан эхний зорилтдоо хүрлээ. Цаашид эх орныхоо хөрсөнд шувууны тэжээлийг тариалахад яамны зүгээс анхаарал тавьж, хамтран ажиллах болно” гээд тус компанийн Гүйцэтгэх захирал Ж.Болдод  “Шилдэг бүтээгдэхүүний өргөмжлөл”-ийг гардуулан өгсөн юм.

Г.Даша
 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж