Д.Энхээгийн цаазын ялыг хэвээр үлдээв

Хуучирсан мэдээ: 2012.02.09-нд нийтлэгдсэн

Д.Энхээгийн цаазын ялыг хэвээр үлдээв

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны Тахилтад хадам ээжийгээ хэрцгийгээр хөнөөж, эхнэр хүүхдээ барьцаалан, улмаар хадам аав, эмэг эх, эхнэрийнхээ дүү нарыг гэмтээсэн хэрэг  өнгөрсөн оны  зургадугаар сарын 29-30-нд шилжих шөнө гарсан. Уг хэргийг үйлдсэн Д.Энхээ гэгчид Чингэлтэй дүүргийн  анхан шатны шүүхээс өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 8-нд цаазын ял оноосон юм. Гэвч тэрбээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй давж заалджээ. Түүний гаргасан гомдлыг нийслэлийн шүүхэд  өнөөдөр хэлэлцэж, анхан шатнаас оногдуулсан цаазын ялыг хэвээр баталсан байна. Д.Энхээгийн өмгөөлөгчөөр н.Сэвлэгмаа оролцсон бөгөөд түүнд оноосон ялыг хөнгөрүүлэх санал оруулжээ. Гэвч шүүх бүрэлдэхүүн анхан шатны шүүх шийдвэр гаргахдаа Эрүүгийн байцаан шийтгэх хууль зөрчөөгүй, хууль зөв хэрэглэсэн гэж үзсэн  байна. Дээрх онц ноцтой хэргийг үйлдсэн   25  настай Д.Энхээ  гэгч нь  хадам эхийнхээ амийг хүйтэн мэсээр хөнөөж, хадам эцэг, эхнэрийнхээ дүү болон эмэг эхээ хүнд, хөнгөн гэмтээсэн юм. Үүгээр зогсохгүй эхнэр, дөрвөн настай охин, эхнэрийнхээ дүүг барьцаалан, амь насанд заналхийлж, хэргийн газарт ирсэн цагдаа нараас машин,  сумтай буу шаардаж байсан юм. 

С.Отгон

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж