АТГ-ын ”шинэ хүн”-ий өгсөн мэдээлэл хангалтгүй байв

Хуучирсан мэдээ: 2012.02.09-нд нийтлэгдсэн

АТГ-ын ”шинэ хүн”-ий өгсөн мэдээлэл хангалтгүй байв

Авлигатай тэмцэх газрын Тамгын хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Ч.Өнөрбаяр, Мөрдөн шалгах хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Д.Цоодол­сэнгээ, Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн дарга Ж.Батсайхан нар өчигдөр  “Албан тушаалын хэргийг илрүүлэх, мөрдөн шалгах явц байдал”-ын талаар мэдээлэл хийсэн юм. Энэ үеэр “Үүрэгт ажилтайгаа сайн танилцаж амжаагүй. Би шинэ хүн учир сайн мэдэхгүй бай­на” хэмээн сэтгүүлчдийн асуусан гол асуудлуудын хариуг өгч байсан Мөрдөн шалгах хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Д.Цоодолсэн­гээгийн “зориг”-ийг үнэлмээр байна. Үнэхээр л ажилтайгаа бүрэн танилцаж амжаагүй байсан ч мэдээлэл өгөхийг үүрэгдсэн дарга нарынхаа хүсэлтийг ёсоор болгосон тэрбээр олон камер, зургын аппарат микрафоны өмнө суух гэж ямар их зориг гаргасан бол. Уг нь түүний оронд Мөрдөн шалгах албаны дарга Э.Амарбатыг ирэх байх гэж бодож байсан ч тэрбээр прокурорын байгууллагуудад ажиллаад завгүй байсан учир уг хуралд ирээгүй аж. Д.Цоодолсэнгээ нь АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн даргаар ирэхээсээ өмнө Тагнуулын ерөнхий газарт одоогийн дэд дарга Б.Хурц­тайгаа хамтарч ажиллаж байсан нэгэн юм. Энэ үеэр дээрх эрхмүүд доорх хариултыг өгсөн юм.

Д.Цоодолсэнгээ: УЛС ТӨРИЙН АЛБАН ТУШААЛТАЙ 24 ХҮНИЙГ ШАЛГАСАН

-Мөрдөн шалгах хэлтсийнхэн өнгөрсөн жил ямар ажил хийсэн бэ?

-Өнгөрсөн жил хуульд заасан харьяаллын 365 үйлдэлтэй, 324 холбогдогчтой 144 эрүүгийн хэрэгт мөрдөн байцаалт хийсэн. Үүнээс 43 хэрэгт нь яллах дүгнэлт үйлдүүлэхээр шил­жүүлсэн.

-Үүнээс улс төрийн хэчнээн ал¬бан тушаалтны хэргийг шалгасан бол?

-Хэрэгт холбогдон шалгагдсан албан тушаалтнуудыг судлахад улс төрийн албан тушаалтан 24, төрийн албан тушаалтан 25, төрийн үйлчилгээний 66 албан тушаалтныг шалгасан. Хувь хүний нууцад хамаарах асуудлыг дэлгэж болохгүй учир нэр заах боломжгүй.

-Төрийн  өмчийн хорооны  дар­га асан Д.Сугарт холбогдох хэрэг юу  болсон бэ?

-Д.Сугарыг Дархан-Уул аймгийн төмөрлөгийн үйлдвэрийн захирал Т.Ганболдын хэрэгт холбогдуулан шалгаж байгаа. Хэрэг мөрдөн байцаалтын ажиллагаа үргэлжилж байна.

Ч.Өнөрбаяр: ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛИЙН ШИЙДВЭР ДАНДАА ЗӨВ БАЙДАГГҮЙ

-Танайхаас орон тооны цомхотголд оруулсан гэгдсэн байцаагч нарыг хууль бусаар ажлаас нь халсан гэдгийг Төрийн албаны зөвлөлөөс мэдээлсэн. Энэ үнэн үү?

-Зарим хүнийг ажлаас чөлөөлсөнтэй холбоотой асуудлаар гаргасан маргааныг шалгасан тухай Төрийн албаны зөвлөлийн  шийдвэр манайд хараахан ирээгүй байна. Харин Д.Зүмбэрэллхам дарга хэвлэл мэдээллийн хэрэгслээр тийм утгатай мэдээлэл өгсөн байсан. Гэхдээ төрийн албаны зөвлөлийн шийдвэр үргэлж зөв байдаггүй. Тиймээс бид шаардлагатай гэж үзвэл шүүхээр асуудлаа шийдүүлнэ. Бидний бодож байгаа болон Д.Зүмбэрэллхам даргын өгч буй тайлбараар ч гэсэн ажлаас чөлөөлсөн даргын тушаал дээр маргаан үүсэхгүй байгаа юм шиг байсан. Харин тушаал гаргах болсон шалгалт, шүүлгийн асуудал дээр л шударга бус үйлдэл гаргасан гэсэн шийд гаргасан гэж ойлгож байгаа. Ямартай ч Төрийн албаны зөвлөлөөс тогтоол нь албан ёсоор ирсэний дараа тайлбар өгсөн нь дээр байх.

Ж.Батсайхан: ЗӨВХӨН ЦАГДААГИЙН ХУРАНДАА НАРЫГ БИШ ХУУЛИЙН БАЙГУУЛЛАГЫН ТОМООХОН АЛБАН ТУШААЛТНУУДЫНГ ШАЛГАЖ ЭХЭЛСЭН


-АТГ-ын дэд дарга Б.Хурц өмнө нь АТГ-аас шалгагдаж байсан. Тухайн үед яг ямар асуудлаар шалгагдаж байсан юм бэ. Энэ асуудал юу болсон бол?

-Хөрөнгө орлогын мэдүүлгийн зөрчилтэй холбоотой асуудлаар Б.Хурц дарга шалгагдаж байсан. Тухайн үед шалгагдаад асуудал нь тодорхойгүй байсан учир УИХ-ын Хууль зүйн байнгын хороон дээр болсон нээлттэй сонсголоор оруулж байсан. Ингээд хариуцлага тооцох үндэслэл нь хангалтгүй байна гэж  УИХ үзсэн юм.

-“Цагдаагийн хурандаа нарыг Ерөнхийлөгчийн заавраар шалгаж эхэллээ” гэсэн мэдээлэл гарах болсон. Үүнийг тодруулаач?

-Энэ асуудал бол зөвхөн цагдаагийн хурандаа нар гэдэг түвшинд яриагдаагүй. Цагдаа, прокурор, шүүхийн байгууллагын хэлтсийн дарга, түүнтэй адилтгах албан тушаалтнуудын хөрөнгө оруулгын мэдүүлгийг авах асуудлыг хууль тогтоомжийн хүрээнд болон Авлитагтай тэмцэх газрын үйл ажиллагаатай холбоотойгоор УИХ болон Ерөнхийлөгчийн түвшинд ярьж эхэлсэн. Энэ асуудал бол энэ жил хийх ажлын маань нэг хэсэг учир зөвхөн цагдаагийн хурандаа нарыг шалгаж байгаа гэж ойлгох нь өрөөсгөл болно. Энэ ажлыг хийх тодорхой шаардлага ч бий. Учир нь хөрөнгө орлогын мэдүүлэг бол тухайн албан тушаалтны бүх мэдээллийг агуулж байдаг албан ёсны бичиг баримт. Тиймээс үүн дээр үндэслэн нарийвчилсан судалгаа, дүн шинжилгээний ажлыг хийж авлигын эсрэг үйл ажиллагаанд хэрэглэж болохоор мэдээллүүдийг боловсруулж цаашид тулгуур болгох мэдээллийг боловсруулах юм.

Р.Сарангоо

"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж