”Нийслэл хүрээ” сэдэвт эрдэм шинжилгээний хурал боллоо

Хуучирсан мэдээ: 2012.02.08-нд нийтлэгдсэн

”Нийслэл хүрээ” сэдэвт эрдэм шинжилгээний хурал боллоо

Одоогоос зуун жилийн өмнө Богд хаан зарлиг гарган улсын нийслэлтэй болсныг зарлан “Нийслэл хүрээ” хэмээн тунхаглаж байжээ. Харин үүнээс зуун жилийн хойно уг ойд зориулан  нийслэлчүүдээс олон цуврал арга хэмжээг зохион байгуулж буйн нэг нь Хангарьд ордонд өчигдөр зохион байгуулагдсан эрдэм шинжилгээний хурал байлаа. Уг хурлыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, ШУА-ийн Түүхийн хүрээлэн, Архивын ерөнхий газар хамтран зохион байгуулсан бөгөөд 20 гаруй илтгэгчдийн илтгэлийг хэлэлцсэн юм.

Ингээд уг эрдэм шинжилгээний хурлын үеэр МУИС-ийн Түүхийн  тэнхимийн доктор, профессор Ж.Урангуагаас зарим зүйлийг тодрууллаа.

-Нийслэл хүрээний 100 жилийн ойн эрдэм шинжилгээний хурлаар ямар сэдвийг онцолж хэлэлцсэн талаар мэдээлэл өгөөч?

-Энэ эрдэм шинжилгээний хурал бол “Их хүрээ”-г Монголын Улсын нийслэл болгож, “Нийслэл хүрээ” хэмээн нэр өргөмжилсний 100 жилийн ойн үйл ажиллагааны хүрээнд зохиогдож буй арга хэмжээний нэг юм.Түүхэн баримтыг аваад үзэх юм бол 1912 оны хоёрдугаар сарын 9-ний өдөр улс төр, соёл, шашны төв болсон “Их хүрээг”–г Олноо өргөгдсөн Богд хаант Монгол Улсын нийслэл болгон “Нийслэл хүрээ” хэмээн зарлан тунхагласан билээ. Ер нь хурал дээр нийслэл хотын хөгжлийн тухай, Улаанбаатар хотын тухай, Нийслэл хүрээний тухай, яагаад энэ Богдын хүрээг улсын нийслэл болгосон талаар сонирхолтой баримтууд дээр түшиглэн эрдэмтэн судлаачид тал бүрээс нь судалсан ийм илтгэлүүд тавигдлаа.

– Яагаад Богд хааны хүрээг “Нийслэл хүрээ” болгосон бэ?

– Дотоод хэргийг захиран шийтгэх яамнаас Богд хаанд өргөсөн айлтгалд “Олон улсын хаадын оршин суугаа хотыг Нийслэл хэмээн өргөмжлөх ёсон бүхийн тул үүнээс урагш элдэв албаны бичигт зэрэгт  Нийслэл хүрээ хэмээх бичиж явбаас нийлэлцэх, үл нийлэлцэх явдлыг” хэрхэхийг зарлиг гуйн айлтгасанд улаан бийрээр цохсон Богд Эзэн хааны зарлигт айлтгалыг ёсоор болгон Их хүрээг “Нийслэл хүрээ” хэмээн нэр өргөмжилсөн түүхтэй.

-Энэ үеэр тавигдсан илтгэлүүдийн талаар тодруулаач?

– Илтгэлийг бид үндсэн илтгэл, хавстралт илтгэлүүд гэж хоёр хуваасан байгаа. Үндсэн илтгэлд гурван илтгэл, хавсралт илтгэлд 15 гаруй бүтээл тавигдсан байгаа. Мөн эрдэм шинжилгээний хуралд улс төрийн, шашин, шинжлэх ухаан, соёл урлагийн чиглэлийн 10-аад байгууллагын 20 орчим эрдэмтэн судлаачид илтгэлээ хэлэлцүүлэн оролцож байна.

– Эрдэм шинжилгээний хурлын  ач холбогдол нь юунд байна?

-Монголчуудын хот суурин байгуулж байсан өв соёл, Монгол улсын нийслэл хотын түүхэн хувьсгал хөгжил гэсэн уг асуудлаарх эрдэмтэн судлаачдын дундах ойлголтын санал зөрүүг цэгцлэх, бүр цаашлаад өнөөгийн Улаанбаатарын өмнө тулгамдаж буй асуудлуудад ч анхаарлаа  хандууллаа.

-Үндсэн гурван илтгэлийн нэг нь таны илтгэл байгаа. Таны илтгэл бусад илтгэлээс юугаар онцлог вэ?

– Миний илтгэлийн санаа нь Нийслэл хүрээ бол  Монголын улс төрийн тэмцлийн гол төв байсан тухай.  1911 оны Үндэсний эрх чөлөөний хувьсгалын гол төв байсан  гэдгийг улс төрийн түүхтэй холбогдуулан энэ асуудлыг авч тавьснаараа онцлог байх.

-Нийслэл хүрээний 100 жилийн ойгоор эрдэм шинжилгээний хурлаас гадна олон ажиллагаа зохион байгуулна гэсэн үү?

-Үйл ажиллагааны ерөнхий хөтөлбөр хоёрдугаар сарын 6-наас эхэлсэн байгаа. Эрдэм шинжилгээний бага хурлын дараагийн гол арга хэмжээ нь маргааш болох ба Төрийн ордны арын цэцэрлэгт хүрээлэн дэх Төрийн тамганы хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлнэ. Мөн дүүрэг тус бүр гаргасан төлөвлөгөөний дагуу хүүхэд залуус, иргэдэд энэ талын мэдлэг, мэдээлэл өгөх, эссе бичлэгийн уралдааний дүнг зарлах, радио, телевизийн нэвтрүүлэг бэлтгэхээр сэтгүүлчдийг оролцуулсан хотын аялал зохион байгуулах зэргээр олон нийтийн хамарсан ажлууд хийхээр төлөвлөсөн байгаа.

Б.Намуунхур

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж