АНУ тэргүүтэй өрнөдийн орнууд Ираны нефтийн худалдаанд хориг тавьсан энэ үед Энэтхэг Иран нефтийн худалдааны төлбөрөө хэрхэн хийх тухай гэрээ байгуулжээ. Энэтхэг импортолсон нефтийн төлбөрийнхөө 45 хувийг Ираны дэд бүтцийн салбарт хөрөнгө оруулах замаар шилжүүлэхээр болжээ. АНУ тэргүүтэй өрнөдийн орнууд Ираны Төв банктай харилцдаг Олон улсын банкуудад мөн хориг тавьсан билээ. Европын холбоо, АНУ Азийн орнуудыг Иранаас импортолдог нефтийн хэмжээг бууруулахыг ятгасан боловч Хятад эсэргүүцсэн юм. Бенгали хотод суугаа “BBC”-ийн сурвалжлагчийн мэдээлснээр Энэтхэг түүхий нефтийнхээ 12 хувийг Иранаас импортолдог бөгөөд өдөрт 370,000 баррель нефть авдаг гэнэ.
Ираны эсрэг тавьсан эдийн засгийн хоригийг Энэтхэг үл ойшоож, дээрх шийдвэрийг гаргасан нь Азийн орнууд Ираны нефтиэс ихээхэн хамааралтайг харуулж байна гэж эдийн засагчид бичиж байна. Өнгөрсөн оны наймдугаар сараас хойш Энэтхэг Иранд нефтийн импортын төлбөрөө Туркийн Halkbank-аар дамжуулан хийж байсан боловч АНУ, Европын холбооны хоригоос болж цаашид өөр арга зам хайхад хүрчээ. Энэтхэг өөрийн улсын банкинд данс нээж, Ираны нефтийн импортын төлбөрийг рупийгээр хийхээр болсон гэнэ. Харин Иран дээрх рупийгээр Энэтхэгээс тоног төхөөрөмж, метал, автомашины эд анги худалдаж авах гэнэ.
Н.Энх