Дэлхийн коксжих нүүрсний эрэлт 40 хувиар өснө

Хуучирсан мэдээ: 2012.02.08-нд нийтлэгдсэн

Дэлхийн коксжих нүүрсний эрэлт 40 хувиар өснө

-Тавантолгойн нүүрсийг боомт хүргэх зардал 56 доллар-

Дэлхийн зах зээл дэх коксжих нүүрсний эрэлт 2015 он гэхэд 115 сая тонноор нэмэгдэх хандлагатай гэсэн таамаглалыг “Hatch” байгууллагаас гаргажээ. Энэ нь уул уурхайн салбарт зөвлөгөө, менежмент, инженерингийн чиглэлээр үйлчилгээ хүргэдэг туршлагаараа дэлхийд танигдсан байгууллага юм.

Одоогоор дэлхийн зах зээл дэх коксжих нүүрсний эрэлт 250-300 сая тонн байгаа юм. Гэвч коксжих нүүрсний өсөн нэмэгдэж буй эрэлтийг хангахуйц нийлүүлэлтийн эх үүсвэр дутагдаж магадгүй гэж шинжээчид үзэж байгаа. Hatch-ын судалгаагаар, дэлхийн гангийн үйлдвэрлэл Хятад, Энэтхэгийн эрэлттэй холбоотойгоор жил бүр 5.2 хувиар өсч байгаа аж. Өнөөгийн гангийн үйлдвэрлэл бараг бүхэлдээ коксжих нүүрсний хэрэглээг шүтсэн ган хайлуулах технологид суурилж байгаа юм.

Энэтхэгийн коксжих нүүрсний импорт 2011 онд 30 сая тонн байсан бол 2015 онд 45 сая тонн болж өргөжих төлөвтэй байна. Тус улсын гангийн үйлдвэрлэл жил бүр 8.1 хувиар өсч байгаа ажээ.
Харин Хятадын хувьд коксжих нүүрсний импорт нь дотоодын олборлолт болон бүтээгдэхүүний үнийн түвшнээс ихээхэн хамаарна. Хятад улсын гангийн үйлдвэрлэл сүүлийн арван жилд жил бүр 14.9 хувиар өссөн бөгөөд 2001 онд 151.6 сая тонн ган үйлдвэрлэсэн бол 2010 онд 607.6 сая тонн ган үйлдвэрлэжээ. Өнгөрсөн жил тус улс бараг 700 сая тонн ган үйлдвэрлэнэ гэж шинжээчид тооцоолж байсан ч, дэлхийн эдийн засгийн тогтворгүй байдлын улмаас таамаг хараахан биелээгүй юм.

Дэлхийн гангийн үйлдвэрлэлийн хэмжээ өнгөрсөн оны байдлаар 1.49 тэрбум тонн байсан бөгөөд 2015 онд уг хэмжээ 300 сая тонноор нэмэгдэнэ гэж “Hatch” үзжээ. Энэ нь коксжих нүүрсний эрэлтийг төдий хэмжээгээр нэмэгдүүлэх нь тодорхой юм. “Hatch” цаашид дэлхийн зах зээлд коксжих нүүрсний нийлүүлэлт найдвартай байх эсэх нь Австралийн зэрэгцээ Мозамбик, Индонез, Монгол, Орос, АНУ-аас ихээхэн хамаарахыг дурджээ.

Австрали улс одоогоор дэлхийн зах зээл дэх коксжих нүүрсний нийт нийлүүлэлтийн 60 гаруй хувийг хангаж байгаа. Коксжих нүүрсний экспорт нь 2015 онд 192 сая тоннд хүрэх төлөвтэй байгаа ажээ. Мозамбикийн хувьд жилдээ 100 сая тонн нүүрс экспортлох зорилттой ажиллаж байгаа ч дэд бүтцийн хүрэлцээ муутайн улмаас 2015 он гэхэд 12 сая тонн коксжих нүүрс экспортлох тухай “Hatch” таамаглажээ.

Харин Монголын хувьд ойрын хугацаанд жилдээ 15 сая тонн коксжих нүүрс экспортлох боломжтой. 2.6 тэрбум тонн ашигтай нөөц бүхий Тавантолгой ордтой ч ашиглалтад оруулах, төмөр замын асуудлыг шийдэхэд ихээхэн хэмжээний хөрөнгө оруулалт шаардлагатай байгаа юм. Тус ордын олборлолт жилдээ 50 сая тоннд ч хүрч мэднэ. Гэхдээ энэ нь Хятад руу холбогдсон төмөр замын ажлаас шууд хамаарна. Түүчнлэн Тавантолгойн нүүрсийг хамгийн хямдаар экспортлох зам бол Өвөрмонголын Баотоугаар дамжуулан Хятадын зүүн эрэг дэх “Huanghua” боомт хүргэх гэж “Hatch” тайлбарлажээ. Энэ хооронд нүүрсний тээвэрлэлтийн зардал тонн тутамдаа 56.5 ам.доллар болж байгаа бол Оросын “Восточный” боомт хүргэхэд 125 ам.доллар болох тооцоог “Hatch” гаргажээ.

Монголын нөхцөл байдал ийм байхад Оросын хувьд мөн л дэд бүтцийн асуудал, тэр дундаа боомтуудын хүчин чадлаа өргөтгөх ажилд хөрөнгө оруулалт шаардлагатай байгааг “Hatch” дурджээ. Тус улс коксжих нүүрсний “Элга” ордоо ашиглалтад оруулан ордыг төвийн сүлжээтэй холбосон төмөр зам тавьж дуусаад байгаа билээ.

Дэлхийн зах зээлд коксжих нүүрсний үнэ буурна, өснө гэсэн судлаачдын таамаг бий. Гангийн үйлдвэрлэл нэмэгдсээр байгаа энэ үед коксжих нүүрсний нийлүүлэлт нийт эрэлтийг хангаж чадахгүй байгаа нөхцөлд үнэ тогтвортой байх хандлага ажиглагдаж байна. Гэхдээ дэлхийн эдийн засгийн нөхцөл байдал бүхнийг шийднэ.

Б.Төгс

www.mongolianminingjournal.com
www.journalism.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж