Ерөнхий сайд С.Батболд Лаосын Ерөнхийлөгчтэй уулзлаа

Хуучирсан мэдээ: 2010.04.11-нд нийтлэгдсэн

Ерөнхий сайд С.Батболд Лаосын Ерөнхийлөгчтэй уулзлаа

Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд Азийн төлөөх Боаогийн чуулга уулзалтын үеэр БНАЛАУ-ын Ерөнхийлөгч Чуммали Саяасонтой уулзлаа. Уулзалтын үеэр Ерөнхий сайд С.Батболд хоёр орны харилцаа өндөр дээд хэмжээнд идэвхтэй хөгжиж байгаа нь цаашдын хамтын ажиллагааг урагшлуулахад чухал болохыг онцоллоо. Мөн цаашид хоёр талын харилцааг эдийн засгийн агуулгаар өргөжүүлж, боловсрол эрүүл мэнд, хөдөө аж ахуйн салбарт хамтран ажиллах боломжтойг дурджээ. НҮБ-ын дэмжлэгтэйгээр Монголд байгуулахаар болсон Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын олон улсын судалгааны төвийн үйл ажиллагааг дэмжиж  далайд гарцгүй орны хувьд нийтлэг эрх ашгийнхаа асуудлаар уламжлалт хамтын ажиллагаагаа бэхжүүлэхийн ач холбогдлын талаар санал солилцсон байна.  
Харин БНАЛАУ-ын Ерөнхийлөгч Чуммали Саяасон хоёр орны найрамдлын байгууллага, холбоо байгуулах хэрэгтэйг онцолж, мал аж ахуйн хамтарсан төсөл хэрэгжүүлж, малчдыг сургахад тусламж хүслээ. Уулзалтын хүрээнд хоёр орны мал аж ахуйн салбарт хамтарсан төсөл хэрэгжүүлэх боломжийг судалж, энэ жил Вьентьян хотноо Монгол-БНАЛАУ-ын Засгийн газар хоорондын комиссын анхдугаар хуралдааныг зохион байгуулахаар талууд ярилцжээ.
Уулзалтад Монгол улсаас БНХАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ц.Сүхбаатар УИХ-ын дэд дарга Г.Батхүү, Сангийн сайд С.Баярцогт, Эрдэс баялаг, Эрчим хүчний сайд Д.Зоригт, УИХ-ын гишүүн Д.Оюунхорол, Ж.Энхбаяр нар оролцов гэж Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээлэв. 
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж