Гурвалсан үйлчилгээг Монголд нэвтрүүллээ

Хуучирсан мэдээ: 2011.03.16-нд нийтлэгдсэн

Гурвалсан үйлчилгээг Монголд нэвтрүүллээ

Дэлхийн технологийн гайхамшиг Монголд нэвтэрлээ. Энэ талаар өнөөдөр Монголын анхны гурвалсан үйлчилгээ үзүүлэгч “Юнивишн” компани сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Хэвлэлийн бага хуралд “Юнивишн” компанийн гүйцэтгэх захирал Н.Эрдэнэбаатар, дэд захирал Н.Наранбат, маркетингийн албаны менежер Д.Баасанцогт нар оролцов. “Юнивишн” компани нь Монголд анх удаа гурвалсан үйлчилгээ болох IPTV, интернэт, суурин утас гэх үйлчилгээг нэвтрүүлээд байгаа юм. Мэдээлэл технологийн үсрэнгүй хөгжил нь цаг үеийн хэрэгцээ шаардлагаар тодорхойлогдож, 21-дүгээр зуунд хүн төрөлхтөн өөрсдийн хэрэгцээнд өндөр хурдтай интернэт үйлчилгээ, техникийн технологийн дэвшлийг хүсэх болсон. Иймд “Юнивишн” компани нь сүүлийн хоёр жилийн хугацаанд мэргэжилтэн, инженерүүд өөрсдийн нөөц бололцоог ашиглан техник үйлчилгээний төвөө ашиглалтад оруулж өнөөдөр албан ёсоор нээж байгаа юм. Тус компанийн нэвтрүүлж буй гурвалсан үйлчилгээ тэр дундаа Монголд анх удаа нэвтрүүлж буй шинэ зууны телевиз болох IPTV нь дотоодын болон гадаадын телевизийн шилдэг сувгуудыг албан ёсны зөвшөөрлийн дагуу, тоон сүлжээгээр дамжуулан дуу, дүрсний өндөр чанар бүхий Full HD форматаар хэрэглэгчдэд хүргэх юм.
Хэрэглэгч IPTV-ийг хэрэглэснээр нийт гадаадын 75 суваг үзэх бөгөөд 64 суваг нь энгийн өндөр нягтралын буюу HD суваг байх юм. Мөн телевизийн эфирийг ухраах, зогсоох, нэвтрүүлгийг нөхөн үзэх, нэвтрүүлгийг бичиж авах бүрэн боломжтойгоос гадна, видео санд байгаа дэлхийн болон Монголын дэлгэцийн шилдэг бүтээлүүд, видео бичлэг, дуу зэргийг үзэх боломжтой гэнэ. Харин интернэт, суурин утасны үйлчилгээ нь IPTV-ийн нэгэн адил бусад ижил төрлийн үйлчилгээтэй харьцуулахад тус тусын давуу талуудтай. Интернэтийн үйлчилгээ нь GPON технологиор дамжиж буй тул интернэтийн үйлчилгээний чанар, хүссэн өндөр хурдаа сонгох, гэрийнхээ хаанаас ч Wi-Fi интернэтэд холбогдох боломжтой аж. Харин суурин утасны үйлчилгээ нь хамгийн хямд ярианы тарифтай бөгөөд хэрэглэгч нь уламжлалт суурин болох зөөврийн хэлбэрээр ашиглах боломжийг бүрдүүлж байгаа юм. Дээрх гурван үйлчилгээг хамтад нь авах боломжтойгоос гадна хэрэглэгч өөрийн хүссэн үйлчилгээг сонгож авах боломжтой гэнэ. Үнэ тарифын хувьд суурийн утас сарын хураамж 7000 төгрөг, IPTV нь сарын хураамж 9900 төгрөг, интернэт үйлчилгээ нь сарын хураамж 29000 төгрөгийн үнэтэй байна.

М.Дөл  

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж