Үл мэдэгчтэй цуг үл мэдэгдэх зүг рүү

Хуучирсан мэдээ: 2012.02.08-нд нийтлэгдсэн

Үл мэдэгчтэй цуг үл мэдэгдэх зүг рүү

Гийх нарны шаргал туяа тосон нэгэн хүн алхаж явна. Хэзээ, хаана хүрэхээ тэр мэдэхгүй. Гэхдээ л зам даган алхсаар. Ийн алхаж явахад хайсан, хүссэн зүйл нь хаа нэгтээ таарах тул тэр ингэж алхдаг ажээ. Чухам хичнээн жилийн турш бэдэрч, гишгэлэх алхааны тоогоор зам хороосныг таашгүй. Гэхдээ тэр их удаан ингэж алхсан. Өдөр, өдрийн нарыг тэр ийм янзаар угтаж, хэнд ч саад бололгүй санаснаа эрэн явах тэдэнд бидний өгсөн нэршил нь “Хог түүгч”. Балиар, заваан, өмхий, гуйлгачин гэж бид түүнээс жийрхэж байх хооронд тэр бидний хаясан зүйлсээр амьдралаа залгуулсан хэвээр.

Зам даган алхлах тэрээр нуруундаа өөрөөсөө том шахам шуудай үүрчээ. Шуудай нь алхааны аясаар ийш тийшээ хөдлөхийг харвал дүүрээгүй нь илт. Гартаа ёрдойсон төмөр атгаж, газраас хоол түүн идэх шувуу шиг доошоо тонголзоно. Хэдхэн хормын дараа нуруундаа үүрсэн хоосон шуудай нь өмнөхөөсөө дүүрэн болжээ. Гэсэн ч түүний сэтгэлд үл нийцэх аж. Удалгүй тэрээр хүн, машины хөдөлгөөн ихтэй төв замаас хазайж, орон сууцнуудын дундуур орон “алга болж” өгөв. Ийнхүү алга болсон нь учиртай. Айлуудын орц руу, эсвэл хогийн бункер руу орж тухтай нь аргагүй хүссэнээ хайна. Гурван байшингийн орц руу орох эрхгүй, жижүүр авгайд хөөгдсөн ч эцэст нь тэр хүссэнээ олж буй нь тэр.

Нэг байрны орцноос, нөгөө байрны орц руу алхаж явтал үд хэдийнэ хэвийжээ. Нуруундаа үүрсэн шуудай нь хоёр болж үржигдсэн ч байлаа. Тэрээр одоо өөр тийшээ зүгээ өөрчилжээ. Араас нь дагасан миний бие ч чухам хаачхыг нь мэдэхгүй араас нь дагасаар. Тэр замаараа шуудайгаа зузаатгасаар л… Идэр есийн хүйтэн тачигнаж, зэврүүн өглөөний, жавартай агаар үлээж байсан ч тэр Х хороолол тийш алхаж байгаа бололтой. Ингэж алхаж явтал “мэргэжил” нэгтнүүд нь замд таарав. Зарим нь түүний шуудай руу өнгийж, зарим нь шилтэй шингэн зүйл сарвайна. Балгасныхаа дараа ярвайж байгааг нь харвал гашуун ундаа гэдэг нь илт. Тэр хэд хамтдаа хэсэг хугацааг өнгөрөөсний дараа гэнэт ажилтайгаа санан цааш бэдрэхээр болсон юм, манай сурвалжлагын баатар. Замдаа цагдаад загнуулж, арван жилийн сурагчдын чулуу нүүлгэлтийг тэссэний эцэст ирэх ёстой газраа ирлээ. Тэрээр Х хорооллын байрнууд дунд орших нэгэн траншейнд ирсэн юм. Өглөө үүрээр шахуу гарч хоёр шуудайгаа дүүргэсэн тэрээр амарч байгаад, дараагийн аялалаа үргэлжлүүлэх гэсэн бололтой. Хоёр, гурван байрны жижүүр хог, хаягдал дөхүүлж өгч байгааг нь харвал тэрээр энэ траншейнд удсан нь илт байв. Түүнийг зарим нь Бат гэсэн нэрэр дуудаж байсан юм.

Хэдэн хормын дараа тэр траншейнээс хоосон хоёр шуудайтай гараад ирэв. Давчуухан траншейний хаана нь тэр их хогоо хадгалсаныг түүнээс өөр хэн ч үл мэдэх. Х хорооллоос эрчтэйхэн шиг гарч, өмнөхөөсөө хурдан алхална. Энэ удаад замдаа ер саатсангүй. Доошоо бөхөлзөж хог түүх нь бүү хэл хажуугаар нь хийсэх хуванцар савыг ч тоолгүй алхана. Чухам юу түүнийг ингэж татаад байгааг нь таашгүй. Гартаа хоёр төмөр саваа атгаж, нуруундаа шуудай үүрсэн нэгэн хүнтэй тааралдаж, удаан ярилцсан ч алхаагаа улам түргэтгэлээ. Араас нь дагаж байгаа би араас нь гүйх шахуу шоглуулна. Түүний алхааг түргэсгэж, хамгийн их сонирхдог хогийг хүртэл тоохоо болиулсан ганц зүйл нь “Хар Хорин” зах. Ялангуяа Хар Хорины хажууд байх нэгэн газар түүнийг ихэд татжээ. Тэнд түүнтэй нас чацуу ч байж болох олон, арван хүмүүс байх аж. Тус захад ажиллагсдын хэлж байгаагаар гудамжны архичид тэнд байдаг гэх. Хэдийгээр олон жилийн өмнөхөөсөө дээрдсэн ч цөөн тооны хүмүүс үлдсэн нь энэ аж. 

Өглөөний ургах нартай  уралдаж, зогсохоо мэдэхгүй мэт бэдэрч байсан түүнийг эдгээр хүмүүс, нийлээд хийдэг “ажил” нь татаад байжээ. Тэд олсон хэдээрээ ийнхүү бор дарс хүртдэг бололтой. Чухам өнөөдөр л тэд бие, биенээ харж байна уу гэвэл үгүй. Бусдын л адил биесээ нэрээр нь дуудаж, танимхайран тэврэлдэж, уйлж, дуулж байгааг нь харвал ойр дотныхон мэт. Тэдний “найр” удаан үргэлжилсэнгүй. Хэсэг уйлж, дуулж байгаад эргээд “нүх”, “нүх” рүүгээ яарчилан салцгаав. Нэлээд халамцсан тэд зүгээр явсангүй. Замаараа тасарч, хуучирсан хайсны төмөр хашлагыг авч хаа нэгтээ тушаах гээд тэврэлдээд явж одов.

Их үд хэвийж, цаг хэдийнэ 16:00 -г заах аж. Өглөөн нартай уралдаж нуруугаа чилтэл хог түүсэн ч тэр юуны төлөө ингэж явж байгаа нь мэдэгдэхгүй. Хүрэх газар, хүсэл тэмүүлэлгүй хичнээн жил өглөөн нартай уралдсаныг мэдэхгүй. Чухам хэн байсан, яах гэж амьд яваа нь үл мэдэгдэх. Гэсэн ч тэр бидний л адил хүн. Тэр маргааш ч, өнөөдөр ч, дараа жил ч зам даган бэдэрсээр байх болно.

Нуруундаа шуудай үүрч, гартаа төмөр атган, халтартсан хувцастай хүн явж байвал та битгий гайх. Тэр ялгаагүй амьдрах гэж л яваа…

Б.Болорсүх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж