Хуучирсан мэдээ: 2011.03.16-нд нийтлэгдсэн

Оймс хаана байна?

Айлын эхнэр бүр өдөр тутам нэг иймэрхүү асуултыг нөхрөөсөө сонсдог гэдэгт мөрийцөхөд ч бэлэн байна. “Хөгшөөн, миний оймс хаана байна?” эсвэл “Манай масло дуусчихсан юм уу?”. Үүнээс үүдэлтэй дараах асуулт, хариулт өрнөнө.


-Масло хаана байгаа юм?


-Хөргөгчинд.


-Байхгүй байна аа. Хайгаад олохгүй байна.


-Дөнгөж сая арван минутын өмнө би наана чинь хийсээн.


-Өөр газар андуураад хийчихсэн юм биш үү? Энд лав алга.


Бачимдан, уур нь хүрсэн эхнэр дууны хүрдаар хөргөгч рүү гүйн ирж, гэрлийн хурдаар түрүүнээс хойш хайсан зүйлийг илбийн юм шиг олон гаргаж тавина. Гайхсан эрчүүд ихэнхдээ эхнэрийгээ зориуд олдохгүй газар тавьсан гэж бодно. Оймс, гутал, дотуур өмд бас л адилхан. Машины түлхүүр ч мөн ийм илбийн гайхамшгийн нэг гол хэрэглэгдэхүүн. Харчууд зүгээр л олж хардаггүй. Нүднийхээ хоёр тал руугаа илүү өргөн хүрээнд дэлгэц маягтай хардаг хүүхнүүдийн хувьд шүүгээ саван дахь зүйлсийг нэгжих мэт тодорхой харна. Толгойгоо хөдөлгөх ч шаардлага байхгүй. Тэдний тархи эгнэсэн олон зүйлсээс байгаа яг таг олж харах, юу юуны хажууд ямархуу байдалтай байсныг хормын төдийд дүрслэн санах чадвартай. Судалгаанаас үзэхэд эрчүүд оймс хайж байгаа бол О-Й-М-С гэсэн том үсэгнүүдийг л нүдээрээ эрдэг байна. Мэдээж тэгээд ихэнхдээ бүтэлгүйтнэ. Толгойгоо ийш тийш эргүүлэн аминдаа хайх авч нэмэргүй. Дээрээс доошоо, баруунаас зүүн тийш тэд толгойгоо хөдөлгөн өнөөх л алдагдсан зүйлээ хайна. Оймс нь цамцан доор орчихсон байвал олохгүй. Яагаад гэвэл нөгөө О-Й-М-С гэдэг үг харагдахгүй байсан юм чинь. Энэ мэтээр эрэгтэй, эмэгтэй хүний харааны өөр өөр тогтоц, чадвар бидний өдөр тутмын амьдралд нөлөөлдөг. Хүүхнүүд ихэвчлэн машиныхаа урд, ардаас юм мөргүүлэхээс бус хоёр талаасаа мөргүүлэх нь ховор байдгийг олон судалгаа нотолсон. Эрчүүдийн нүд өөрсдийнхөөс нь өөр гэдгийг мэдвэл хүүхнүүдийн амьдрал хамаагүй тайван байхсан даа. Өмд гутлын хэрүүл хийхгүй. Хайгаад байгаа зүйлийг нь яг хаана байгааг тайванхан хэлээд өгчихвөл харчуулд ч өөрсдийгөө зовоохгүй амар.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж