Өмнөд Солонгос Эмиратаас газрын тос олборлоно

Хуучирсан мэдээ: 2011.03.16-нд нийтлэгдсэн

Өмнөд Солонгос Эмиратаас газрын тос олборлоно

Өмнөд Солонгос Арабын нэгдсэн Эмираттай газрын тос олборлох гэрээ байгуулжээ. Сөүл эрчим хүчний найдвартай эх үүсвэртэй болохын тулд Персийн булангын холбоотой харилцаагаа өргөжүүлж байна.  Нэг тэрбум баррел газрын тос олборлох 110 их наяд воны (97.9 тэрбум ам.доллар) хөрөнгөтэй уг гэрээ Өмнөд Солонгосын газрын тосны салбарт хэрэгжүүлэх хамгийн том төсөл болох юм.  Абу Даби хотод Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Lee Myung-Bak Арабын нэгдсэн Эмиратын шейх Khalifa bin Zayed Al-Nahayan гэрээнд гарын үсэг зурцгаасан байна.

2012 оноос хэрэгжиж эхлэх гэрээний урьдчилсан заалтын дагуу Сөүл Абу Даби дах 570 сая баррелийн нөөцтэй газрын тосны ордыг дангаар эзэмшиж, 2013 оноос үйлдвэрлэлээ эхлүүлэх аж. Сөүл мөн 2014 оноос ашиглалтын гэрээ нь дуусах нэг тэрбум баррел газрын тосны нөөцтэй ордыг олборлоход хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ.  Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Lee Myung-Bak 2009 онд хийсэн айлчлалаар Арабын нэгдсэн Эмиратад цөмийн реактор байгуулах 20.4 тэрбум ам.долларын гэрээ байгуулсан. Уг төсөл нь Азийн орноос хилийн чанадтай байгуулсан хамгийн  өндөр өртөгтэй нь байсан аж. Өмнөд Солонгос дэлхийн тав дах том түүхий нефть импортлогч бол Арабын нэгдсэн Эмират газрын тосны нийлүүлэлтээр дэлхийд тэргүүлэгч Саудын Арабын дараа хоёрдугаарт ордог. Сөүлийн Эмираттай байгуулсан гэрээ  Өмнөд Солонгосын гадаадаас импортлодог газрын тос болон байгалийн хийн хангамжийн 15 хувийг шийдэх юм.  Ингэснээр импортын түүхий эдийн үнийн шуурганд өртөх нь багасна гэж эдийн засагчид нь үзэж байна. Талууд өнгөрсөн ням гаригт гэрээнд гарын үсэг зурахдаа үйлдвэрлэл,санхүү болон  хэвлэл мэдээллийн салбарт хамтран ажиллахаар зөвшилцсөн байна.

Н.Энх
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж