“Хоёр сонгуулийг зэрэг хийхэд бэрхшээл гарахгүй”

Хуучирсан мэдээ: 2012.02.04-нд нийтлэгдсэн

“Хоёр сонгуулийг зэрэг хийхэд бэрхшээл гарахгүй”

УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд Орон нутгийн сонгуулийг УИХ-ын сонгуультай хамтатган явуулахыг дэмжиж хуулийн төсөл санаачлаад байна. Энэ талаар хуулийн төсөл санаачилсан эрхэм гишүүн З.Энхболдтой товч ярилцлаа.

-УИХ өмнө нь 2012 оны УИХ, орон нутгийн сонгуулийг хамтатган явуулах талаар шийдвэр гаргаж байсан. Энэ шийдвэр хүчин төгөлдөр үү?

-УИХ тийм хууль гаргасан юм. УИХ 2008 оны дөрөвдүгээр сард тийм хууль баталж, 2012 онд хоёр сонгуулийг хамтатгаж хийхээр болсон. Харин УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан тэргүүтэй 11 гишүүний энэ сарын 3-нд өргөн барьсан хуулийн төслөөр бол УИХ, орон нутгийн сонгуулийг хоёр салгая гэсэн байна.

-Дандаа МАН-ын гишүүд өргөн барьсан төсөл үү?

-Дандаа МАН-ын бүлгийнхэн. Тэднийхээр орон нутгийн сонгуулийг аравдугаар сарын эхний хоёр долоо хоногийн аль нэгд явуулъя гэсэн хуулийн төсөл оруулж ирж байна.

-Та түүнээс өмнө хоёр сонгуулийг хамтатгаж явуулъя гэсэн төсөл өргөн барьсан биз дээ?

-Тэгсэн. Миний өргөн барьсан хуулийн төсөлд Засгийн газар санал өгөхгүй байна. Тэр хуулийн төсөл орж ирэхгүй бол Д.Лүндээжанцан нарын төсөл ч явахгүй. Уг нь Д.Лүндээжанцан гишүүн надад хэлэхдээ хоёуланд нь Засгийн газраас санал аваад хоёр төслийг зэрэг УИХ-аар хэлэлцүүлээд явъя гэсэн. Тэр бүтээгүй бололтой юм байна.

-Таны өргөн барьсан төслөөр УИХ, орон нутгийн сонгуулиа хамтатгаж явуулахын давуу тал юу вэ?

-Маш олон сайн талтай. Хамгийн наад зах нь зардал, хяналт, сурталчилгаа хэмнэнэ. Сонгогчдыг хоёр удаа чирэгдүүлэхгүй. Нэг л удаа сонгууль явуулна. Маш их мөнгө хэмнэж болно. Хуудасны нэг нүүрт УИХ-д нэр дэвшигчийн намтар, хоёрдугаар нүүрт аймгийн ИТХ-д нэр дэвшигчийн намтар гээд айлд нэг л цаас оруулж өгнө. Энэ мэтээр эдийн засгийн хувьд маш хэрэгтэй. Энэ мэт олон талын хэмнэлттэй. Гэхдээ энэ бүхэн МАН-д таалагдахгүй байна л даа.

-Санал тоолох машины хүчин чадал хүрэх үү?

-Машины хүчин чадал хангалттай хүрнэ. Тэр машин нэг метр урт цаас авч чадна. УИХ, аймаг, сум, нийслэл, дүүргийн ИТХ-д нэр дэвшигчдийн нэртэй саналын хуудас ердөө ганц А4-ийн хуудас шүү дээ.

-Шат, шатны Хурлын олон нэр дэвшигч дунд будилаан маргаан үүснэ. УИХ-д нэр дэвшигч 600-700 хүн, орон нутгийн сонгуульд 20-иод мянган хүн нэр дэвшинэ гэж хэлээд байгаа. Үүнийг яаж зохицуулах вэ?

-Одоо байгаа бүх ИТХ-ын төлөөлөгчийн тоо 10 мянга юм байна лээ. Орон нутгийн бүх шатны Хуралд нэр дэвшигчээ өрсөлдүүлдэг хоёрхон нам байгаа. Ардын нам, Ардчилсан нам хоёр. Бусад нам үндсэндээ байхгүй.

-Тэгэхээр хоёр сонгуулийг нэг дор явуулахад ямар нэг саад бэрхшээл учрахгүй юм байна. Тийм үү?

-УИХ, орон нутгийн сонгуулийн нэг дор явуулах тусмаа улам хялбархан болно.

-Орон нутгийн сонгуулийн тогтолцоо ямар байгаа билээ?

-Томсгосон мажоритар байгаа. Миний өргөн барьсан хуульд тогтолцоог хөндөөгүй.  Тогтолцооноос бусад УИХ-ын сонгуульд байгаа адил төстэй бүх зүйлийг авч хэрэглэе гэж байгаа. Машинаар тоолно. Сонгогчдын бүртгэлийг УБЕГ хариуцна. Реклам, сурталчилгаа ижил. Нэр дэвшигч мөнгө төгрөг тараавал адилхан хариуцлага хүлээнэ. Төрийн албан хаагчид ажлаасаа адилхан зургаан сарын өмнө гарна. Эдгээр заалтыг орон нутгийн сонгуульд адилхан шууд хэрэглэе гэж байгаа.

Ялгаатай заалт гэвэл сумандаа Иргэдийн төлөөлөгчдийн Хуралд нэр дэвшигчийг бүртгэж авах салбар хороо байна. Ийм төстэй болоод өөр зүйлүүдийг хуульчилж өгсөн. Тэгэхээр хоёр сонгуулийг зэрэг хийхэд ямар нэг бэрхшээл гарахгүй. Харин ч хэмнэлт их гарна.

                                Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж