Пхеньян Сөүлтэй хэлэлцээ хийхэд бэлэн гэв

Хуучирсан мэдээ: 2012.02.03-нд нийтлэгдсэн

Пхеньян Сөүлтэй хэлэлцээ хийхэд бэлэн гэв

Сөүлийн эрх баригчид урьдчилсан нөхцөл тавихгүй бол шууд хэлэлцээ байгуулахад бэлэн гэж Умард Солонгосын цэргийн эрх мэдэлтэн өчигдөр “Associated Press” агентлагт мэдээлжээ. Умард Солонгосын Батлан хамгаалах үндэсний зөвлөлийн улс төрийн газрын хурандаа Ри Сон Гвон “Сөүл бидэнтэй шууд хэлэлцээ хийхэд бэлэн гэдгээ дэлхий дахинд батлан харуулах хэрэгтэй. Сөүл хэлэлцээ хийхэд бэлэн гэж байнга ярьдаг боловч өөрсдийн зарчмаас няцахгүй гэдэг бодлого нь хөшигний цаана үлддэг учраас Умард, Өмнөд Солонгосын хэлэлцээ мухардалд орсон” гэж ярьсан гэнэ. АНУ-ын ахмад дипломатч хэдхэн хоногийн өмнө “Пхеньян эхлээд Сөүлтэй харилцаагаа сайжруулвал Вашингтон Умард Солонгосын цөмийн хөтөлбөрөөс үүдэлтэй хүйтэн ханыг нураахад бэлэн” гэж мэдэгдсэн юм. Умард Солонгосын цэргийн эрх мэдэлтний мэдэгдлийг Сөүл үндэслэлгүй гэж үзсэн байна.  Умард Солонгосын Батлан хамгаалах зөвлөл Өмнөд Солонгосын эрх баригчдыг их удирдагч Ким Чен Ирийн таалал төгссөнд зохих ёсоор эмгэнэл илэрхийлээгүйн төлөө уучлал гуйх ёстой гэжээ. Умард Солонгосын эрх баригчид их удирдагчийн үхэлд гашуудаж байх үед хүндэтгэлтэй хандаагүй гэж Өмнөдийг буруутгаж байгаа аж.  Өнгөрсөн арванхоёрдугаар сарын сүүлээр Умард Солонгосын Батлан хамгаалах зөвлөл Ким Чен Ир нас барсан ч Умард Солонгосын коммунист дэглэм өөрчлөгдөхгүй гэж Өмнөд Солонгос болон дэлхийн бусад орнуудад анхааруулж, Ли Мён Бакийн консерватив Засгийн газартай хэзээ ч эвлэрэхгүй гэдгээ мэдэгдсэн билээ. Умард Солонгосын цэргийн эрх мэдэлтэн пүрэв гаригийн мэдэгдэлдээ ч Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Ли Мён Бакийг урвагч гэж нэрлэсэн гэнэ. Солонгосын хойгийн 1950-53 оны дайн энхийн гэрээгээр биш, гал зогсоосноор дууссан боловч Солонгосчуудын сэтгэлзүйн дайн дуусаагүй байгаа юм.

Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж