Төсөлд гарын үсэг зурлаа

Хуучирсан мэдээ: 2011.03.16-нд нийтлэгдсэн

Төсөлд гарын үсэг зурлаа

“Өвсний үндэс” буцалтгүй тусламжийн хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлэх сургууль, цэцэрлэг, эмнэлгийн барилга барих төсөлд гарын үсэг зурах ёслол өнөөдөр Японы Элчин сайдын яаманд боллоо. Гарын үсэг зурах ёслолд Япон улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд  Кидокоро Такүо, Сэлэнгэ аймгийн Засаг дарга Ж.Эрдэнэбат, Ховд аймгийн Засаг дарга Г.Нямдаваа, Өвөрхангай аймгийн Засаг дарга Д.Тогтохсүрэн, нийслэлийн Чингэлтэй дүүргийн засаг дарга Д.Ганболд нар дөрвөн төсөлд гарын  үсэг зурсан юм. Дээрх төслүүд нь Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын 23 дугаар сургуулийн их засварын төсөл, Ховд аймгийн Чандмань сумын цэцэрлэгийн засварын төсөл, Өвөрхангай аймгийн Хархорин суманд цэцэрлэгийн барилга барих төсөл, Чингэлтэы дүүргийн эрүүл мэндийн нэгдлийн засварын төсөл багтжээ. Энэхүү төсөлд нийт 403 мянга 500 орчим ам.доллар буюу ойролцоогоор 498 сая хүртэлх төгрөг зарцуулах аж. Дээрх төслүүд нь цэцэрлэг, сургуулийн орчныг сайжруулах, чадварлаг боловсон хүчин бэлтгэх, Монгол Улсыг хөгжүүлэх хүний нөөцийг чадавхийг бэхжүүлэх, эмнэлгийн үйлчилгээг сайжруулахад гол зорилго нь оршиж байгаа аж. “Өвсний үндэс” хөтөлбөр нь 1990 оноос хойш Монгол Улсад хэрэгжиж эхэлсэн бөгөөд дээрх хугацаанд 350 гаруй төсөлд 20 гаруй сая ам.долларын буцалтгүй тусламж үзүүлжээ.

С.Отгон

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж