
Энэхүү баримт бичиг Монгол улсын Үндсэн хуульд заасан “хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэх” эрхэм дээд зорилгыг суурь зарчмаа болгож байгаа ажээ. Энэ нь улс төрийн тогтолцооны харилцан шүтээлцээт бүрдэл хэсэг болох төр ба иргэн хүний хоорондын харилцааг ардчилсан төр улс, нийгмийг хөгжүүлэх суурь хэмээн тодорхойлж буй юм байна. Мөн хүний эрхийн талаарх олон улсын гэрээний үзэл санаа, дэлхий нийтийн чиг хандлагыг тусгаж үйл ажиллагаагаар хэрэгжүүлэхэд чиглүүлэн боловсруулж дуусгах шатандаа явж байна.
Түүнчлэн Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд зааснаар Төрийн бодлого боловсруулалцах, хяналт тавихад төрийн бус байгууллагын тэгш оролцоо, зөвшилцлийг хангах замаар иргэний нийгмийн төлөвшлийг дэмжихэд, 2021 он хүртэлх Монголын мянганы хөгжлийн зорилтод тулгуурлан “улс орны хөгжилд иргэн бүр оролцох, хувь нэмрээ оруулах, манлайлах нөхцөлийг бүрдүүлэх”, “хууль, шударга ёс, хүний эрхийг дээдлэн хүндэтгэх уур амьсгал бүрэлдүүлж, иргэний нийгмийг хөгжүүлэн бэхжүүлэх” зэрэг баримт бичгүүдийн үзэл санаанд суурилах ажээ.