Японы гадаад худалдаа анх удаа алдагдалтай гарчээ

Хуучирсан мэдээ: 2012.02.03-нд нийтлэгдсэн

Японы гадаад худалдаа анх удаа алдагдалтай гарчээ

Япон улсад иений ханш чангарч үйлдвэрлэгчдийг боомилж байх зуур ажилгүйдэл өнгөрсөн сард огцом өслөө. Ажилгүйдэл түрүү оны арванхоёрдугаар сард 4,6 хувь байсан тухай Токиогийн Үндэсний статистикийн газар мэдээлсэн байна. Харин Блүүмберг агентлагийн 30 эдийн засагчийн тооцоолсоноор энэ үзүүлэлт 4,5 хувь дээр тогтох гэнэ.
 
Тус улсын Засгийн газар гуравдугаар сарын 11-ний газар хөдлөлт, цунамигийн дараах сэргээн босголт түүнийг даган өссөн дотоодын хэрэгцээнд зориулж 20 их наяд төгрөгийн санхүүжилттэй дөрвөн төрлийн нэмэлт төсвийг батлаад байгаа билээ. Эдгээр төсвийн мөнгө нь хөдөлмөрийн зах зээлийг дэмжиж, үйлдвэрлэгчдийн ажлын байрны цомхотгол хийх явдлыг багасгах зорилгоор ашиглагдах ажээ. Гамшгийн голомт бүхий  газруудад хүмүүст ажлын байр санал болгох тал дээр нэлээд идэвхтэй анхаарч ажиллаж байгаа бөгөөд цаашид хөдөлмөрийн зах зээлийг байнга дэмжиж ажиллах гэнэ. Японы Токио дахь “Глобал маркет Сити групп”-ын ерөнхий эдийн засагч Кийши Мурашима “Дэлхийн эдийн засгийн өсөлт, иений ханшийн өсөлт, гамшгийн дараагаар цөмийн реакторууд хаагдсанаас хойших цахилгаан эрчим хүчний асуудлыг тойрсон тодорхойгүй байдал үйлдвэрлэгчдийн хувьд хүн  авч ажиллуулахдаа ихээхэн соргог сэрэмжтэй хандахад хүргээд байгаа юм” гэж хэлсэн байна.
 
Иен ам.долларын эсрэг түүхэнд байгаагүйгээр чангарсантай зэрэгцэн экспортлогчид хүндхэн асуудалтай  тулгараад байна. Энэ нь Япон улсын гадаад худалдаа 1980 оноос хойш анх удаа алдагдалтай гарахад нөлөөлжээ. Энэ сарын 26-нд NEC корпорациас “Энэ байдал биднийг 10,000 хүнийг ажлын байрнаас нь чөлөөлөхөд хүргэнэ. Үүний 7000 нь Япон улсад байх болно” хэмээн мэдэгджээ.  Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард ажлын байр хүсэгч 100 иргэн тутамд 69 ажлын байр ногддог байсан бол энэ тоо 71 болж өсчээ.
 

Б.Цэцээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж