Агуу Ж.Вердийн буруу байгаагүйг баталсан үдэш

Хуучирсан мэдээ: 2010.04.11-нд нийтлэгдсэн

Агуу Ж.Вердийн буруу байгаагүйг баталсан үдэш

Бүтэн өдөржин “Addio del passato” /Миний гунигт цаг мөч тун ойрхон байна/ ариг сэтгэл зүрхээрээ дурлан байж сонслоо. Анна Нетребко, Maria Callas, Renee Fleming, Angela Gheorghiu нарын алдартай сопранууд амьдралынхаа сүүлчийн мөчтэй нүүр тулан учирч буй үзэсгэлэн гоо Violetta бүсгүйн зүрх сэтгэлийг өөр, өөрийнхөөрөө илэрхийлцгээжээ. Мянга сонсоод уйдамгүй, нэг сонсоод мартамгүй ер бусын яруу тансаг ари… Өчигдөр орой ДБЭТ-д агуу хөгжмийн зохиолч Ж.Вердийн “La Traviata” дуурийг анх удаа үзээд дурласан минь энэ.
Парис хотноо үзэсгэлэн гоо, хөнгөн явдлаараа цуутай хуульч бүсгүй Violetta хүнд өвчнөөсөө илааршсаны баяр тэмдэглэн гэртээ үдэшлэг зохиож байгаагаар “La Traviata” дуурь эхэлнэ. Эрх мэдэл, эд хөрөнгө, гоо үзэсгэлэнгийн алинаар нь ч үл дутах Violetta бүсгүйн дүрд сонгодог Италид долоон жил суралцсан ДБЭТ-ын шилдэг сопрануудын нэг Б.Эрдэнэтуяа тоглов. Лаванда өнгийн гялалзсан чамин даашинзтай, цагаан өдөн дэвүүр барьсан дуучин Б.Эрдэнэтуяа “бодитой” Violetta харагдаж байв. Түүний гадаад дүр төрх эрх мэдэлтэй, төрөлхийн ухаалаг ч  үзэсгэлэнтэй, хөнгөмсөг Violetta-д гайхалтай зохицож байлаа. Үдэшлэг дээр хуульч бүсгүйн найз Gaston-ны дагуулан ирсэн Alfred Germont гэх нэгэн залуу Violetta-г алсаас харан, хайрлаж явдгаа хэлнэ. Нэгдүгээр бүлгийн хамгийн оргил хэсгийн нэг болох “Libiamo ne" lieti calici” ари буюу алдарт “Хундаганы дуу”-г Violetta, Alfred нар хамтран дуулна. Хажуугийн өрөөнд хөгжим дуугарахад Violetta зочдоо бүжгэнд уриад, өөрийнх нь бие жаахан тавгүй байсан учир өрөөндөө ганцаар үлдэв. Энэ үед Alfred бүсгүйд ойртон, оргилж хөөрсөн сэтгэлээр хайраа илчилдэг. Бүсгүй анхандаа тоглоом болгон өнгөрөөх гэсэн боловч Alfred-ын гал халуун сэтгэлийн илчинд автаж байлаа.

Нэгдүгээр бүлгийн төгсгөлийн хэсгийн Violetta ганцаараа үлдсэнийхээ дараа дуулдаг “Sempre libera” /Always free-Үргэлж эрх чөлөөтэй/ гэх ари “La Traviata” дуурийн хамгийн их чадвар шаарддаг хэсэг гэгддэг юм билээ. Энэ ариг дуучин Б.Эрдэнэтуяа маш гайхалтай амилуулсан.

Хоёрдугаар бүлэг эхлэхэд Violetta, Alfred нар Парисаас гадагш хөдөө газар хамтдаа амьдарч байна. Violetta урьдын хөнгөмсөг амьдралаа ор тас орхиж, хайрт залуудаа хамаг зүрх сэтгэлээ зориулан аз жаргалтай амьдарч байгаа нь энэ. Нэгэн өдөр нөхрийнх нь эзгүйд Alfred-ын эцэг Giorgio Germont ирж, бүсгүйгийн урьдны хөнгөмсөг амьдралыг дэлгэн, тэр байдал чинь хүүгийнх нь ирээдүй болон удахгүй сурвалжит гэр бүлд бэр болох гэж байгаа охиных нь хувь заяанд ч сөргөөр нөлөөлөх гээд байгаа тухай ярьж, Violetta-г орхин явахыг ятгана. Хөөрхий Violetta эхэндээ татгалзаж байсан ч хайртай хүнээ болон гэр бүлийг нь өөрөөсөө дээгүүрт тавин тэндээс үүрд явахаар шийддэг. Ингээд тэрбээр хайртдаа “Би өмнөх амьдралдаа эргэн очлоо” гэсэн хуурамч утгатай захиа бичиж үлдээн шаналсан сэтгэлээ тайвшруулахаар найз Flora-гийнхаа урьсан үдэшлэгт оролцохоор болно.  

Alfred гэртээ ирээд захидлыг уншин уурлаж хорсон Flora-гийн үдэшлэг дээр Violetta-тай тааралдана гэсэн бат итгэлтэйгээр Парисыг зорино.

Үдэшлэгэн дээр Violetta хуучин амраг гүн Douphol-ын хамт орж ирэхэд, Alfred тэнд мөрийтэй хөзөр тоглож байдаг. Тэр олны нүдэн дээр мөрийнөөс хожсон бүх мөнгөө Violetta руу шидэн, доромжилдог. Үүнээс болж гүн Douphol, Alfred нар муудалцан, бие биенийгээ дуэльд дуудна. Хоёрдугаар бүлэг энд хүрээд дуусна.

Жүжгийн хамгийн сүүлийн бүлэг. Хөөрхий бүсгүй Violetta уушигны хүнд өвчнийхөө улмаас үхлээ хүлээн гэртээ хэвтэнэ. Эмч ирж зарц бүсгүй Annina-д нь эзэн авхайн амьдрал цаг мөчөөр тоологдож байгааг хэлдэг. Violetta өвгөн Germont-оос хийсэн бүхэндээ гэмшиж, өршөөл эрсэн захидал хүлээж авна. Гэвч бүх зүйл хэтэрхий хожимдсон байлаа. Гэсэн ч хязгааргүй баярласан Violetta амраг хайртай Alfred-аа хүлээнэ. Alfred ч ирж, тэд бие биенээ тэврэн авцгаана. Үнэн сэтгэлийн сүүлчийн үгээ хэлж Violetta бүсгүй хайртай хүнийхээ гар дээр амьсгал хураалаа.

Александер Дюмагийн 1848 онд бичсэн “La dame aux Camelias” зохиолоос сэдэвлэн бүтээсэн “La Traviata” дуурь нь Ж.Вердийн хамгийн цуутай бүтээлүүдийн нэг билээ. Англиар утгачилбал, “A woman who went astray”, “Fallen woman” нэртэй энэхүү дуурь анх 1853 оны гуравдугаар сарын 6-нд Венецийн La Fenice театрт тоглогдож байжээ. Харамсалтай нь, Ж.Вердийн энэ агуу бүтээл эхний тоглолтоороо үзэгчдийн таашаалд огтхон ч нийцээгүй гэдэг.

Амжилтгүй тоглолтын маргааш урам нь хугарсан Ж.Верди дотны анд Музиодоо “Өчигдөр орой бүгд бүтэлгүйтлээ. Миний буруу байсан уу эсвэл дуучдын буруу байсан уу. Үүнийг цаг хугацаа л хэлэх байх” гэж захиа бичиж байжээ. Өдгөө тэрхүү захиаг Ж.Вердийн бичсэн хамгийн алдартай захидал гэх нь ч бий. Үнэхээр ч цаг хугацаа Ж.Вердийн буруу байгаагүй гэдгийг хэлж чадсан. Тийм ч болоод өнөөдөр “La Traviata” дуурь бүх цаг үеийн хамгийн алдартай арван дуурьт зүй ёсоор багтдаг билээ.

Анхны тоглолтын Violetta-д Fanny Salvini-Donatelli гэх 38 настай, тарган, махлаг биетэй сопрано дуулж байжээ. Түүний хоолойны цар хүрээ, контроль гайхалтай сайн байсан ч гадаад дүр төрх нь үзэсгэлэнт Violetta бүсгүйг илэрхийлэхэд дэндүү хангалтгүй байсан аж. Дуурийн гуравдугаар үзэгдлийн төгсгөлдVioletta бүсгүй амраг хайртынхаа гар дээр унаж, амьсгал хураах тэр эгшинд үзэгчид бүр хошин шогийн тоглолт үзэж байгаа юм шигээр доог тохуу хийн инээлдэж байсан гэдэг.

Үнэхээр бусад дуучид ч тун муу дуулсан гэж өдгөө мэргэжилтнүүд дүгнэдэг байна. 

Ингээд нэг жил гаруйн хугацаанд хоёр, гуравдугаар бүлэгт зарим засварыг оруулсны дараа Ж.Верди Венецийн Сан Бенедетто театрт “La Traviata”-гаа дахин амьдруулжээ.

Тэр цагаас хойш өр өвтгөсөн энэ гунигт хайрын түүх дэлхий нийтийг хөгжмийн хэлээр байлдан дагуулсаар байгаа аж.

Flora-д БУГЖ Д.Долгормаа,
Annina-д СТА Ш.Наранчимэг,
Alfred-д Ч.Түмэндэмбэрэл,
Giorgio Germont-д Ц.Баттөр,
Gaston-д Ц.Доржсүрэн,
Douphol гүнд Э.Амартүвшин нарын дуучид тоглож, удирдаачаар МУУГЗН.Туулайхүү, найруулагчаар СТА Ё.Цэрэндолгор, зураачаар МУАЗ Ч.Гунгаасүх нар ажилласан юм.

Ж.Индра

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж