Сонирхлын зөрчлийн хуулиар танилцуулга хийлээ

Хуучирсан мэдээ: 2011.03.16-нд нийтлэгдсэн

Сонирхлын зөрчлийн хуулиар танилцуулга хийлээ

УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин өнөөдөр Сонирхлын зөрчлийн тухай хуулийн төслөөр сэтгүүлчдэд танилцуулга хийлээ. Тэрбээр уг хуулийн төслийг УИХ-ын гишүүн Я.Батсуурь, Ж.Сүхбаатар, Ж.Энхбаяр нартай хамтран боловсруулсан юм.  Хууль батлагдсанаар авлигатай тэмцэх ажил нэг шатаар ахихын зэрэгцээ авлигыг цэцэглүүлж байгаа эрх зүйн орчнуудыг хязгаарлах боломж бүрдэнэ гэж төсөл санаачлагчид тайлбарлаж буй. Нөгөө талаас Монгол Улсад цоо шинэ механизм үйлчлэх болж байгаа юм. Тухайлбал, төрийн өндөр дээд албан тушаалтнууд төдийгүй төрийн албан хаагчид Сонирхлын зөрчлийн мэдүүлгээ жил бүр тайлагнадаг болно. Ингэснээр албан тушаалаараа дамжуулан, хувийн эрх мэдлийг дээгүүрт тавихыг хязгаарлах боломжтой болох аж. Учир нь манай улсад өнөөдөр Сонирхлын зөрчлийг хязгаарлах хууль эрх зүйн орчин үйлчлэхгүй байгаагаас хувийн эрх ашгийг хамгаалах зорилгоор төрийн албанд ажилладаг хэсэг төрийн албанд багагүй хувийг эзлэх болжээ. Жишээ татвал, албан тушаалаа ашиглан уул уурхайн лицензийг олноор нь хүүгийнхээ нэр дээр авсан тохиолдол гарч байжээ. Учир нь тэрхүү албан тушаалтанд энэ талын бүх мэдээлэл төвлөрч байсан нь, албан тушаалаа ашиглан, хувийн бизнесээ цэцэглүүлэх боломжийг олгосон аж. Хэрвээ Сонирхлын зөрчлийн хуулийг УИХ баталчихвал, түүнд хувийн эрх ашгийг дээгүүрт тавьж, бусдыг хохироох үйлдэл хийх боломж хязгаарлагдана. Мөн Сонирхлын хуулийг зөрчсөн гэсэн үндэслэлээр албан тушаалаасаа чөлөөлөгдөх болон учруулсан хохирол нь өндөр байх нь шүүхээр тогтоогдсон нөхцөлд  Эрүүгийн хуулиар шийтгүүлэх хүртэл хэмжээнд арга хэмжээ авах  заалт энэхүү төсөлд тусгалаа олоод байгаа ажээ.

Г.Дарь
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж