Ирэх сард гүйлтийн шинэ замтай болно

Хуучирсан мэдээ: 2011.03.16-нд нийтлэгдсэн

Ирэх сард гүйлтийн шинэ замтай болно

Монголын хөнгөн атлетикийн холбооны ерөнхийлөгч, Батлан хамгаалахын сайд Л.Болд, тус холбооны гүйцэтгэх захирал бөгөөд Ерөнхий нарийн бичгийн дарга З.Зоригтбаатар нар өчигдөр ӨМӨЗО-ны Биеийн тамир спортын хорооны орлогч дарга, БНХАУ-ын Хөнгөн атлетикийн холбооны дэд ерөнхийлөгч Ли Жи Юү болон  ӨМӨЗО-ны спортын шигшээ багийн 1 дүгээр ангийн дарга Насан нарыг хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар хоёр орны хөнгөн атлетикийн спортыг хөгүүлэх талаар болон цаашид хэрхэн хамтран ажиллах талаар нухацтай ярилцаж нэгдсэн саналд хүрч хэд,  хэдэн цаг үеийн асуудлыг шийдвэрлэлээ. Тухайлбал,  ирэх  дөрөвдүгээр сард Монгол Улсад анх удаа 400 метрын тойрог бүхий цэнгэлдэх хүрээлэнд тавигдах орчин үеийн гүйлтийн замыг бэлэглэхээр болсон юм. Энэхүү мэргэжлийн стандартад нийцсэн замтай болсноор хөнгөн атлетикаар хичээллэгчид өөрийн оронд бэлтгэл сургуулилт хийх боломж бүрэн нээлттэй болохоос гадна, олон улсын тэмцээн уралдааныг эх орондоо зохион байгуулах үүд нээгдэж байгаа хэрэг юм.

Мөн уулзалтын үеэр энэ дөрөвдүгээр сард хот, хөдөөгийн Биеийн тамир спортын газрын хөнгөн атлетикийн багш, дасгалжуулагчдаар бүрдсэн 20 хүнийг долоон хоногийн хугацаатай мэргэжил дээшлүүлэх сургалтанд хамруулахаар харилцан тохиоолцсон юм. Мөн ирэх долдугаарсард  зохион байгуулагдах Хөнгөн атлетикийн Монгол Улсын аварга шалгаруулах нээлттэй тэмцээнд Өвөр монголын баг тамирчид оролцохоо мэдэгдлээ.

Уулзалтын төгсгөлд Монголын хөнгөн атлетикийн холбооны ерөнхийлөгч, Батлан хамгаалахын сайд Л.Болдыг ӨМӨЗО-ны төлөөлөгчид эх орондоо ирэхийг урьсан бөгөөд тэрбээр энэхүү урилгыг тааламжтайгаар хүлээн авч ирэх наймдугаар сард очихоо мэдэгдсэн юм.

Өнөөдрийн байдлаар Монголын хөнгөн атлетикийн холбооноос Хөх хотод 2 дасгалжуулагч, 20 тамирчин хамтарсан бэлтгэлд гаргаад байгаа бөгөөд тэд энэ сарын 27-нд эх орондоо ирэх юм байна.

Г.Дарь
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж