Л.Оюун: Манай улсын эдийн засгийн өсөлт бол хий хоосон зүйл

Хуучирсан мэдээ: 2012.02.02-нд нийтлэгдсэн

Л.Оюун: Манай улсын эдийн засгийн өсөлт бол хий хоосон зүйл

МУИС-ийн Эдийн засгийн сургуулийн Санхүүгийн тэнхмийн багш, доктор, профессор Л.Оюуныг “Ярилцах танхим”-ынхаа энэ удаагийн зочноор урилаа.


-Өнгөрсөн сараас Монголын эдийн засагт огцом өөрчлөлтүүд гарч өргөн хэрэглээний барааны үнэ ч огцом нэмэгдсэн. Үүний шалтгааныг үндэслэлтэйгээр тайл­­барлаж болох уу. Нөгөөтэйгүүр улс­­төрчид “Монголбанк ажлаа хийж чадаагүйгээс болоод ийм байдал үүслээ” гээд байгаа шүү дээ?

-Импортлогчид шата­хуу­ныг  ам.доллароор худал­даж авч байгаа. Тэднийг гүйлгээ хийх  үед үнэхээр ам.долларын ханш өсчихсөн байсан бол зардлаа  шингээгээд шатахууны үнийг нэмэх нь зайлшгүй л дээ. Монголбанкныхан аж­лаа хийж чадаж байна уу, үгүй юү гэдэгтэй холбоотой албан ёсны тайлбараа өгсөн. Шатахуун импортлогчид худалдаж авсан шатахууныхаа төлбөрийг хийхийн тулд валютийн ханш өсөхөөс өмнө ам.доллар худалдаж аваад шатахуунаа импортолсон гэсэн. Үүнийг тодорхой тоо, баримттайгаар гаргасан байсан. Үүгээр шатахууны үнэ өссөн нь ам.долларын ханш өссөнтэй холбоогүй гэдгийг баталсан. Үүнээс шатахууны үнэ яагаад өссөн бэ гэдэг асуулт гарч байгаа юм. Хариулт нь маш амархан. Монголын шатахууны зах зээл дээр хэдхэн тооны монополь компани давуу эрх эдэлж байгаа нь үүгээр илэрч байгаа юм. Ялангуяа бүх компани нэг өдөр, нэг цагт, ижил өртгөөр бүтээгдэхүүний үнийг нэмсэн нь үүнийг баталсан шүү дээ.

-Үүнээс үүдээд манай эдийн засаг хямарч эхэлсэн. Энэ бүхнийг одоо хэрхэн зохицуулах ёстой юм бэ?

-Манай эдийн засагт ажиглагдаад байгаа нэг дутагдал нь ямарваа бараа, бүтээгдэхүүн, үйлчилгээний үнийг тогтоохдоо зардлыг нь шингээсэн үнээр тогтоодоггүй. Ердөө л эрэлт, нийлүүлэлт дээр үндэслэж тогтоож байгаа. Тухайлбал, цагаан сар болох гэж байгаатай холбогдуулан одоо гурилын үнэ нэмэгдэж байна. Энэ үйл явцаас гурилын зах зээл дээр ч цөөн тооны компани монополь эрхтэйгээр үйл ажиллагаа явуулж байгааг харж болох юм. Үнэн хэрэгтээ зардал өссөн  гэвэл үнэмшилгүй. Уг нь бол зах зээлийн эдийн засгийн тогтолцооны гол хөшүүрэг нь өрсөлдөөн. Гэтэл манайд өрсөлдөөн алга байна. Тиймээс өрсөлдөөнийг бий болгох нөхцлийг бүрдүүлсэн бодлого явуулах хэрэгтэй болжээ гэдгийг л дээрх жишээнүүд хэлээд байна. Тодорхой бүтээгдэхүүний зах зээлийг атгасан цөөхөн тооны монополь компаниуд зах зээлээс ашиг хүртээд байх нь нийт эдийн засагт ямар хор уршиг тарьдгийг бодитоор амсаж байгаа  энгийн жишээ нь бид юм.

-Монополь компаниудад төрөөс татаас өгөх замаар үнэ ханшийг тогтворжуулах аргыг манай улстөрчид өргөн хэрэглэдэг. УИХ-ын ээлжит сонгууль энэ жил болно. Үүнтэй холбоотойгоор үнэ, ханшийг хүчээр барих асуудал их гарах байх. Энэ хэр оновчтой бодлого вэ?

-Зах зээлийн эдийн засгийн тогтолцоотой манай улсын хувьд албан хүчээр асуудлыг зохицуулах нь үнэхээр богино настай. Эдийн засагт хортой байж болох үйл ажиллагаа л даа. Асуудлыг хаашаа л бол хаашаа улс төржүүлж болохоор нөхцөл байдал бий болно гэсэн үг. Тиймээс өрсөлдөөнийг бий болгох хэрэгтэй гэж дээр хэлсэн. Үүнийг тодорхой бодлогоор зохицуулах хэрэгтэй.

-Уул уурхайн бүтээгдэхүүний экспорт ойрын жилүүдэд нэмэгдэж, Монгол Улсын төсөв өмнө  байгаагүйгээр тэлэх төлөвтэй байгаагаас болж эдийн засагт халалт үүсэх магадлалтай гэсэн. Үүнээс хэрхэн сэргийлэх ёстой юм бол оо?

-Ганцхан уул уурхай дээр түшиглэсэн эдийн засагтай бол тэр салбарыг дагаад эдийн засаг их тогтворгүй болдог. Тухайлбал, уул уурхайн бүтээгдэхүүний үнэ дэлхийн зах зээл дээр буурхад манай орлого буурч, тэр хэмжээгээр сандралд орох тохиолдол бий. Үүнээс сэргийлэх үүднээс тогтворжуулалтын сан бий болгосон нь сайшаалтай ч манайд бүх зүйл удаашралтай байна. Хөгжлийн банк байгуулж томоохон төслүүдийг санхүүжүүлэхээр болсон ч одоо болтол дорвитой ажил хийсэн юм алга. Энэ байдлаар байвал сайхан санаачилга гаргасны хэрэг гарахгүй, цаасан дээрх ажил болж үлдэх вий гэж айж байна. Нөгөөтэйгүүр эдийн засаг удаан хөгжинө гэж хэлмээргүй байна. Харин ч хохиролтой гэе. Уг нь зорилт тодорхой, эх үүсвэр орж ирж байхад төлөвлөсөн ажлуудаа хийж болмоор л санагдаад байгаа юм. Хариуцлагын механизмгүйгээс болоод л ажил удаашраад байна гэж би хувьдаа боддог. Мөн нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх үйлдвэрүүдийг байгуулах хэрэгтэй. Тэгэхгүй бол байгалийн баялгаа түүхийгээр нь хямдхан экспортлоод боловсруулсан хойно нь үнэтэйгээр импортолсоор байгаад юу ч үгүй хоцрох нь байна. Манайх бол хэрэглэдэг ард түмэн. Дээрх маягаар олсон болгоноо хэрэглэчихээд байвал дахиад баялаг бүтээх салбаргүй хэвээр л байх болно. Нөгөө л ярьдаг хэвээрээ л байна шүү дээ. 

-Монгол Улс эдийн засгийн өсөлтөөрөө дэлхийд эхний гуравт орсон мэдээ байсан. Засгийн газрын тэргүүн ч эдийн засгийн өсөлт 20 хувьд хүрсэн гэсэн. Энэ хэр үнэний ортой вэ?

-Эдийн засгийн өсөлтийг юугаар хэмжих вэ гэдэг асуудал дээр л үндэслэх ёстой гэж би боддог. Эдийн засгийн өсөлтийг дагаад ард түмний амьжиргааны түвшин ч өсөж байх ёстой. Гэтэл манай эдийн засгийн өсөлт уул уурхай гэсэн ганцхан салбараас хамаарч өссөн байдаг. Тиймээс энэ өсөлт бол худлаа, хоосон гэж ойлгож болно. Тэгээд ч улсын хөгжлийг хүний насжилтаар, насжилт нь амьжиргааны түвшин, амьжиргааны түвшин нь эдийн засгийн өсөлтөөр тодорхойлогддог горим руу дэлхийн улсууд шилжээд явж байхад манайх хүн хуурах гэж байгаа юм шиг цөөхөн салбараас хамаарсан дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлтийг эдийн засгийн өсөлт гэж тайлбарлаж болохгүй л дээ. Энэ салбарууд нь доголдоход л эдийн засгийн нөгөө айхтар өсөлт чинь дагаад л унах байхгүй юу.

-Манай улс стратегийн ордуудаа эргэлтэд оруулах бэлтгэлээ базааж эхэлсэн.  Оюу толгойн гэрээг байгуулсан. “Эрдэнэс Тавантолгой” компанийг байгуулж, иргэн бүрт хувьцаа эзэмшүүлэхээр болсон. Ер нь энэ тал дээр авч хэрэгжүүлж байгаа бодлого эдийн засагт хойшид ямар үр дүн авчрах юм шиг ажиглагдаж байна вэ?

-Мэргэжлийн хүмүүс орчин үеийн уул уурхайн техник технологийн хүчин чадал, хурдыг маш сайн тооцоолж байж гэрээ байгуулах ёстой. Тэгэхгүй бол байгуулсан гэрээний хугацаанд хамаг нөөцийг нь хуу хамаад аваад явах вий гэж ярьдаг юм билээ. Үүний тод жишээг “Бороо гоулд”-аас харж болох юм. Тиймээс энэ тал дээр нэлээд эмзэг хандах хэрэгтэй гэж боддог. “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн тодорхой хэмжээний хувьцааг ард түмэнд эзэмшүүлж, байгалийн баялгаас нь хүртээж байгаа нь зөв ч гэлээ манай ард түмний үнэт цаасны талаарх мэдлэг ямар байгаа билээ гэдгийг ч харгалзах ёстой. Нөгөө бага хувьчлал шиг  юм болж, үнэт цаасны талаарх мэдлэгтэй хүмүүсийн хөрөнгөжих боломжийг  нээх вий гэж болгоомжилж байна. Энэ бол бодитой асуудал. Үнэт цаасны талаарх мэдлэггүй, тэвчээр муутай, хуримтлуулах биш хэрэглэх сонирхолтой гэдэг үзүүлэлт нэг хэсгийг нь хэт баяжуулах, нөгөө хэсгийг нь ядууруулах орчныг бүрдүүлэх магадлал өндөр байгаа юм. Тухайлбал, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцаанаас иргэн бүрт 536 ширхэг хувьцааг олгохоор болсон байсан. Гэхдээ үүнийгээ зохицуулахдаа “Хувьцаа эсвэл нэг сая төгрөг ав” гэж тулгаж байсан. Гэтэл үүнийг нь хүмүүс шүүмжлээд эхлэхээр хуурч болохгүй нь гэж ойлгосон уу яасан дахиад өөр хувилбар гаргачихаж байгаа юм. Юу вэ гэхээр энэ 536 ширхэг хувьцаан дээрээ дахиад 536 ширхэг хувьцаа нэмж өгөхөөр болчихож байгаа юм. Хоёр дахь хэсгийн 536 ширхэг хувьцааг авахын тулд нэг сая төгрөгөөрөө худалдаж авна. Харин нэг сая төгрөгөө авахаар бол сүүлийн 536 ширхэг хувьцааг авч чадахгүй болчихож байгаа юм. Мэдлэгтэй байх нь ийм ач холбогдолтой байгаа байхгүй юу. Төрд гарсан хүмүүсийг дураар нь дургиулж, хүссэнээр нь хийлгэхгүй. Хэрэв мэдлэггүй байсан бол эхний хувилбараар л хувьцаа эсвэл мөнгөө авч таарах байсан.

-“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааны ханшийг тогтоохын тулд УИХ-ын гишүүд толгойгоо нэлээд гашилгаж байгаа. Нэрлэсэн ханшаар гаргах нь зөв, буруу гээд л. Ер нь хувьцаа гаргахдаа ханшийг нь хэрхэн тогтоодог журамтай юм бэ?

-Энэ бол маш амархан зүйл. Үүнийг тодорхой жишээн дээр тайлбарлая л даа. Надад нэг өрөө байр байя гэж бодъё. Үнэ нь 30 сая төгрөг. Тэгвэл би хэдэн ширхэг хувьцаа гаргах вэ гэдгээсээ хамаарч хувьцааныхаа үнийг тогтооно. Нэг хувьцааныхаа үнийг их байлгая гэвэл гаргах хувьцааныхаа тоог бага хуваарилна. Харин нэг хувьцааны үнийг жирийн хүн худалдаж авах боломжийн түвшинд гаргана гэж бодвол ахиу хэмжээний хувьцаа гаргана. Хувьцааныхаа ханшийг эхнээсээ тогтоож болохоор байгаа биз. Хүмүүс худалдаж авч чадах хэмжээнд буюу 50 төгрөгийн ханшаар хувьцаагаа гаргая гэх юм бол үнэлгээг нь хийчихсэн. Бэлээхэн өртөгтэй, активаа 50 төгрөгтөө хуваагаад л хэдэн ширхэг хувьцаа гарах боломжтойг нь тодорхойлчихно. Эхлээд хувьцаагаа гаргахаар бол хуваагаад л нэг хувьцааны үнийг гаргачихна. Анхдагч зах зээл дээр хувьцаа гаргаж байгаа тал нь эхлээд өөрийнхөө  хувьцааны үнийг тогтоодог юм. Ингээд бүх хүмүүст 1000 гаруй ч юм уу, 536 ширхэг хувьцааг нь өгсний дараа хувьцаа эзэмшигч нар хоёрдогч зах зээл дээр хувьцаа гаргаж болно. Тэгэхдээ хувьцаа худалдаж авах санал, эрэлт их байвал зарах үнээ өндөр тогтоож болно. Эрэлт бага байвал аяндаа үнээ зохицуулаад явна. Тэгэхээр манай улс бол хувьцаа гаргаж байгаа компани болж таарах нь. Тиймээс төр өөрөө хувьцааныхаа үнийг тогтоох нь байдаг л асуудал.

Р.Сарангоо

"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж