Аль-Ахли багийн ялалт 74 хүний аминд хүрэв

Хуучирсан мэдээ: 2012.02.02-нд нийтлэгдсэн

Аль-Ахли багийн ялалт 74 хүний аминд хүрэв

Египетийн Порт Сэйд хотод өчигдөр болсон хөлбөмбөгийн тэмцээний дараа хөгжөөн дэмжигчдийн хоорондох тэмцэл эцэстээ улс төрийн сөргөлдөөн болж хувирсан гэнэ. Эмх замбараагүй байдлын үеэр 74 хүн амиа алдаж, хэдэн зуун хүн гэмтэж бэртжээ. Египетийн хөлбөмбөгийн шилдэг хоёр клуб Аль-Масри, Аль-Ахли багуудын хоорондох тэмцээн дуусмагц хутга барьсан хөгжөөн дэмжигчид талбай руу дайран орж, эмх замбараагүй байдал үүсгэжээ. Амиа алдсан хүмүүсийн тоо дээрхээс ч их байж магадгүй талаар албаны хүмүүс ярьж байгаа гэнэ. Египетийн Эрүүл мэндийн дэд сайд тус улсын хөлбөмбөгийн түүхэнд үүн шиг аймшигтай явдал болж байгаагүй гэж ярьсан байна. Египетийн хөлбөмбөгийн хөгжөөн дэмжигчид ялангуяа дээрх хоёр багийн шүтэн бишрэгчид танхайрагчид гэдгээрээ нэртэй гэнэ. Аль-Ахли багийн хөгжөөн дэмжигчдийг Египетэд хэт даврагчид гэдэг аж. Дээрх эмх замбараагүй байдлын үеэр Египетийн аюулаас хамгаалах хүчнийхэний тэмцээн болсон стадионыг бүсэлсэн боловч хүч мөхөсджээ. Амиа алдсан хүмүүсийн зарим нь аюулаас хамгаалах хүчний цэргүүд байсан талаар “Associated Press” агентлаг мэдээлж байна. Улайрсан хөгжөөн дэмжигчид  таарсан болгоноо хэрцгийгээр зодож, бүрэлгэсэн талаар олон улсын хэвлэлүүд бичиж байна. Порт Сэйд хотын баг Аль-Масри урьд хожид байгаагүйгээр 3-1-ээр ялалт байгуулснаас дээрх эмх замбараагүй байдал үүссэн бөгөөд Египетийн хөлбөмбөгийн түүхэн дэх энэ аймшигтай өдрийг “Хар лхагва гариг” хэмээн нэрлэж байна. Гэрчүүдийн ярьснаар тэмцээний дунд үеэс Аль-Ахли багийн хөгжөөн дэмжигчид өрсөлдөгч багийн хөгжөөн дэмжигчдийг доромжилж, тэмцээн дуусмагц талбай руу дайран орж, хөлбөмбөгчид болон бусад хөгжөөн дэмжигчдэд халджээ. Тамирчдыг хамгаалж байсан цөөн тооны цагдаагийн ажилтнууд танхай этгээдүүдийг дийлээгүй гэнэ. Удалгүй тэмцээн болсон стадионы зарим хэсэгт гал гарсан аж. Дээрх хэргийн улмаас Каир хотод болсон өөр нэг тэмцээнийг зохион байгуулагчид зогсоожээ. 

Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж