
Түүгээр МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүдийг нөхөн сонгох тухай асуудал хэлэлцэх байсан юм. Үндэсний зөвлөлийн найман гишүүний бүрэн эрх дуусгавар болоод байгаа аж. Монгол Улсын Ерөнхийлөгчийн санал болгодог хоёр, Засгийн газрын санал болгодог хоёр, УИХ-ын санал болгодог дөрвөн гишүүний эрх дууссан талаар бичиг ирсэн байна. Энэ тухай байнгын хорооны дарга Ж.Сүхбаатар товч танилцууллаа.
Монгол Улсын Ерөнхийлөгч хамгийн түрүүнд нөхөн нэр дэвшүүлэх тухай саналаа ирүүлжээ. Бүрэн эрх нь дуусгавар болсон Х.Чилаажав, Д.Болд нарын оронд тэрбээр нийтлэлч Б.Батбаяр /Баабар/, Төрийн шагналт жүжигчин Д.Сосорбарам нарыг дэвшүүлсэн байна. Засгийн газраас “Өнөөдөр” сонины С.Батбаатар нарын хоёр хүнийг дэвшүүлжээ. Дараагийн хүний нэрийг хэлэх гэхэд ЗГХЭГ-ын дарга Ч.Хүрэлбаатар байнгын хорооны дарга дээр очиж нэг зүйлийг шивнэснээр тухайн хүний нэрийг дурдалгүй өнгөрлөө.
Харин УИХ-ын мэдлийн дөрвөн суудал дээр 15 хүн өрсөлдөхөөр нэрээ ирүүлжээ. УИХ-ын бүтцийн байгууллагаар хэлэлцэж эхлээгүй тул тэдний нэрийг зарлахаас байнгын хорооны дарга түдгэлзлээ.
УИХ дахь АН-ын бүлгийн дэд дарга Л.Гантөмөр уг асуудлыг бүлгийн хуралдаанаар хэлэлцэж байж байнгын хороогоор орох ёстой гэсэн шалтгаанаар бүлэг завсарлага авч буйг хэлсэн юм. МАН-ын бүлэг ч хуралдаан дээрээ бүгдийг нээлттэй ярих ёстой гэсэн байр суурийг гишүүн Ө.Энхтүвшин илэрхийлэв. Гишүүн Н.Энхболд энэ асуудлыг АН өнөө маргаашгүй бүлгээрээ хэлэлцэж байнгын хороогоор хэлэлцэх бэлтгэлийг хангах санал гаргасан ч АН-ын бүлгийн дэд дарга Л.Гантөмөр ирэх даваа гаригт хуваарьтай өдрөө л хурлаа хийнэ гэсэн байр сууриасаа ухарсангүй. Ингээд уг асуудлыг дараагийн долоо хоногт хэлэлцэхээр болж байнгын хорооны хурал тарлаа.