”Цагдаа нар хэрэглээд хаядаг цаас биш” гэв

Хуучирсан мэдээ: 2011.03.16-нд нийтлэгдсэн

”Цагдаа нар хэрэглээд хаядаг цаас биш” гэв

“Долдугаар сарын 1”-ний хэрэг ойрын өдрүүдэд олны анхаарлын төвд орж эхэллээ. Гэхдээ тушаал гаргасан төрийн түшээ, бууны суманд өртсөн, бэртэж гэмтсэн, эд материалын хохирол амссан иргэдийг онцолж байгаа гэхэд болно. Иргэдийн эрх ашгийг хамгаалах асуудал чухлаар тавигдах нь зүйн хэрэг боловч цагдаагийн албан хаагчид анхаарлын төвөөс гараад байгаа хэмээн Цагдаагийн албан хаагчдын ар гэрийн холбооныхон хэллээ. Тус холбооноос өчигдөр тухайн үед үүргээ гүйцэтгэж яваад хүнд, хөнгөнөөр бэртсэн цагдаа нар болон тэдний ар гэрийнхэнтэй санал солилцох уулзалтыг зохион байгуулсан юм.  Уулзалтад 200 гаруй хүн хүрэлцэн ирсэн байлаа. Тухайн үед нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг цагдаагийн байгууллагынхан бүрэн бүрэлдэхүүнээрээ ажилласнаас 500 гаруй цагдаа хүнд, хөнгөнөөр бэртэж, гэмтсэн. Тус холбооны гишүүн, цагдаагийн албан хаагчийн ээж бидэнд “Өнөөдөр цагдаа нарт учирсан сэтгэл санааны хохирлын талаар хэн ч ярихгүй байгаа. Манай хүү л гэхэд тухайн үед биедээ хүнд гэмтэл авч, Ганц хутагт хүртэл хоригдож явсан. Саяхан нэг сайхан хүү хүнд гэмтэл авснаасаа болж өвчин нь хүндэрсээр амь насаа алдлаа. Цаашид юу болохыг хэн ч мэдэхгүй. Одоо бэртлээсээ болж шаналж байгаа хүн цөөнгүй байна. Төр засгаас долдугаар сарын 1-нд амь насаа алдсан иргэдийн ар гэрийнхэнд 50 сая төгрөг олгох шийдвэр гаргасан. Гэтэл цагдаа нарт ямар ч тусламж, дэмжлэг алга. Өнөөдөр /өчигдөр/ үүргээ гүйцэтгээд явж байгаа цагдаа нар тухайн үед юу болсныг ярьж чаддаггүй. Дарга, удирдлагууд нь ч ийм заавар, даалгавар өгсөн байх. Цагдаа нар хэрэглээд хаядаг цаас биш” хэмээн ярьсан юм. Н.Энхцэцэг  хэмээх эмэгтэй цагдаа уг арга хэмжээнд нөхрөөрөө түшүүлээд ирсэн байлаа. Тэрбээр үүргээ гүйцэтгэж яваад нуруу, нугасны бэртэл авсан аж. Гэсэн ч албан үүргээ гүйцэтгэсээр байгаад өнгөрсөн долоо хоногт ухаан алдан унаж биеийн байдал нь эрс муудаад байгаа нь энэ ажээ. Н.Энхцэцэг бидэнтэй удаан ярилцаж чадсангүй. Биеийн байдал нь эрс муудсанаас болж хүний дэмжлэггүйгээр явж чадахаа байсан бөгөөд удаан ярихад ч хүндрэлтэй байгаа хэмээн нөхөр нь учирласан юм. Нэгийгээ алдсан цагдаа нар төр засгийн зүгээс ямар нэгэн дэмжлэг үзүүлэхийг хүсч байгаа ажээ.

Т.УРАНГЭРЭЛ


Зохиогчийн эрх:
"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж