Монголын залуу лидер хөтөлбөр зохион байгуулна

Хуучирсан мэдээ: 2011.03.16-нд нийтлэгдсэн

Монголын залуу лидер хөтөлбөр зохион байгуулна

 “Монголын Залуу Лидер Хөтөлбөр”-ийг Европт хоёр дахь жилдээ зохион байгуулах гэж байна.

Тав дахь “Young Leaders Program” (“YLP”) буюу “Залуу лидер хөтөлбөр” энэ жил Турк Улсын Истанбул хотноо 2011 оны 5 дугаар сарын 6-7-ны өдрүүдэд  зохион байгуулагдах гэж байна. YLP Europe хөтөлбөрийн үндсэн зорилго нь Европын тэргүүлэх их дээд сургуулиудад сурч боловсорч буй оюутан залуусыг уулзуулан Монгол Улсын хөгжлийн талаар харилцан санал бодлоо солилцох, оюунлаг залуусын сүлжээг бий болгох болоцоог бүрдүүлэх ба тэднийг бүх салбарт Монгол Улсын ирээдүйн манлайлагчид болоход нь урам зориг өгөхөд оршдог аж.

“Мон Аме” шинжлэх ухаан судалгааны төв нь 2009 онд YLP хөтөлбөрийг АНУ-ын нийслэл Вашингтон хотноо анх удаа зохион байгуулсан ба 2010 онд Стэнфордын их сургуульд хоёр дахь жилдээ зохион байгуулсан болно. Энэхүү хөтөлбөр нь Европ тиврүү өргөжиж 2010 оны 5 сард Итали Улсын Милан хотноо амжилттайгаар зохион байгуулагдсан. YLP хөтөлбөрт оролцсон Харвард болон Массачусэттсийн технологийн институт-ын оюутнууд нь YLP USA хөтөлбөрийг 2011 оны 4 дүгээр сард Бостон хотноо зохион байгуулж байгаа юм байна.

YLP хөтөлбөрт оролцох оюутан залуус нь сонгон шалгаруулалтаар сонгогддог бөгөөд нэг хөтөлбөрт ойролцоогоор 15 гаруй залуус хамрагддаг аж. Өмнөх YLP хөтөлбөрт оролцсон оюутнууд нь өөр өөрсдийн сурж буй мэргэжлээрээ маш өндөр амжилт үзүүлсэн, цаашдын зорилго тэмүүлэл нь Монгол орны хөгжлийн бодлоготой нягт холбоотой, нийгмийн идэвхтэй байх гэх мэт өндөр шалгууруудыг давсан билээ. Одоогийн байдлаар хөтөлбөрт оролцсон 40 гаруй залуус байдаг бөгөөд өөрсдийн санаачлагаар “YLP Alumni Network” буюу YLP хөтөлбөрт оролцогчдын сүлжээг (www.YLPalumni.net) 2010 оны 7 сард байгуулсны зэрэгцээ өөр хоорондоо нөхөрлөж, өөрсдийн санал бодлоо хуваалцаж, тодорхой үйл ажиллагаа явуулж эхлээд байна. Түүний жишээ нь энэ жилийн 5 сард Истанбул хотноо болох YLP Europe хөтөлбөр болон Бостон хотноо болох YLP USA хөтөлбөрийг тус тус тэдгээр залуус ахлан зохион байгуулж байгаа аж.

YLP хөтөлбөрт оролцсон оюутан залуус буюу YLP Alumni Network-ийн гишүүд нь эх орондоо эргэн ирээд өмнөх амжилтанд тулгуурлан YLP Europe хөтөлбөрийг 2011 оны 5 сард Турк Улсын Истанбул хотноо зохион байгуулж байна. Энэхүү хөтөлбөр нь Европын орнуудад суралцаж буй оюутан залуусын хүрээнд 3 өдрийн турш зохион байгуулагдана.  Уг хөтөлбөрт оролцох оюутан залуус нь худалдаа, соёл, Ази-Европ тивүүдийн зааг дээр орших өнө эртний түүхтэй Истанбул хотын дэд бүтэц, хот төлөвлөлт болон урлаг соёлтой танилцана. Энэхүү хөтөлбөрт оролцох залууст Монгол Улсын бүтээн байгуулалтын талаар танилцуулж эх орны хөгжилд оруулах тэдний хувь нэмэр нэн чухал байгааг чухалчлан авч үзэх аж. Истанбул дахь хөтөлбөр нь “Urban Mongolia”  сэдвийн дор зохион байгуулагдаж оролцогчид нь Монголын хотын амьдралыг  дэд бүтэц болон нийгмийн талаас нь авч үзэн соёл, худалдаа, тивүүдийн уулзвар дээр орших Истанбул хотын жишээн дээр санал бодлоо солилцох юм. Хөтөлбөрт оролцох анкетийг 2011 оны 4 сарын 3-ны өдрөөс өмнө хүлээн авах бөгөөд энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллэл болон анкетийн маягтийг www.YLPalumni.net/istanbul цахим хуудаснаас олж болох юм. Мөн түүнчлэн асууж лавлах зүйл байвал istanbul@YLPalumni.net и-мэйл хаягаар холбогдох боломжтой аж.

Хөтөлбөрийн зардлыг хувийн хэвшлийн компаниудаас нийгмийн хариуцлагын илрэл хэлбэрээр санхүүжүүлж байгаа. Одоогийн байдлаар ПрайсуотерхаусКуперс (PricewaterhouseCoopers) компанийн Улаанбаатар хот дахь салбар ивээн тэтгэх саналаа илэрхийлсэн ба өөр бусад спонсорууд нэмэгдэж орох боломжтой байгаа юм байна.

YLP Зохион Байгуулах Баг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж