С.Баяраас асуух асуулт

Хуучирсан мэдээ: 2011.03.16-нд нийтлэгдсэн

С.Баяраас асуух асуулт

Ерөнхий сайд асан С.Баяр энэ сардаа багтан эх орондоо ирэх гэнэ. Намар, хаврын чуулганд хааяахан үзэгдэж, хамаг л цаг хугацаагаа холын Америкт өнгөрөөх болсон түүнийг тэсэн ядан хүлээгчид олноос олон байгаа нь гарцаагүй. Намынх нь нөхөд “Н.Энхбаяртай хэрхэн “дайтах” вэ” хэмээн хошуу дэвсэхэд, эсрэг талын нөхөд нь “Долдугаар сарын 1”-ний үймээний талаар гэм бурууг нэхэх нь тодорхой. Гэм, зэм хоёрын аль, алиныг нь тохож, гэсгээл үзүүлэх хүсэлтэй бүлэг багийг Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын нөхөд толгойлж буй нь ч гарцаагүй. Гагцхүү С.Баярыгаа шалбаагт унагах гэж байж өөрөө ч бас давхар ойчих гэмтэйгээ эрхбиш экс Ерөнхийлөгч бодож амжсан л байлгүй. Үүнд С.Баярын өгөх тайлбар нь “Ерөнхийлөгчөөр гарын үсгийг нь хүчээр зуруулах хэмжээний эрх мэдэл надад байсан уу. Одоо ч гэсэн онц байдал зарлах ганцхан онцгой эрх Ерөнхийлөгчийн албанд л байдаг биз дээ” гэсэн хариулт өгөх нь ч таамаглахад үнэнд ойр хариулт нь. Гунигтай гэмээр түүний дээрх маягийн хэлж л байдаг хоржин үг, хорчин мэдэгдэл нь Улаанбаатарт буугаад морддог тэр ховорхон өдрүүдэд нь хэвлэлийн хуудаснаа буух биз.

Харин Улсын Ерөнхий прокурор Д.Дорлигжавын хэвлэлд өгүүлсэнчлэн С.Баярыг “байцаасан шиг байцааж” чадвал шударга ёсны хариултыг олж мэдэх л юм. Энд олзуурхууштай нэг зүйл нь “УИХ-ын гишүүн С.Баяр, Ц.Мөнх-Оргил нараас тайлбар авах гарцаагүй шаардлага байх шиг байна. Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын хэлж байгаагаар бол шүү дээ. УИХ-ын гишүүн С.Баяр, Ц.Мөнх-Оргил нараас тайлбар авахад ямар нэгэн хүндрэл гарахгүй байх гэж бодож байна. Тэд өгөх үүрэгтэй. Энэ нь тухайн хүний дархан эрхэд хамаарахгүй, зөвхөн иргэний үүрэг гэж ойлгох ёстой” хэмээсэн Улсын Ерөнхий прокурорын тайлбар юм.

Түүнчлэн Д.Дорлигжав “Бид сургуулийн сум хэрэглэсэн болохоос биш байлдааны сум, галт зэвсэг хэрэглээгүй гэж дарга нараас эхлээд мэдэгдээд явж байсан. Гэтэл байлдааны сум хэрэглэсэн нь тодорхой гарч ирсэн. Таван хүнийг буудаад алчихсан нь хүн амины хэрэг шүү дээ. Ийм байхад сэргээн шалгаж байгааг улс төрийн шалтгаантай гэж эрүүл ухаантай хүн хэлж болохгүй. Үүнийг хариуцлагаас мултрах гэсэн арга гэж харж байна. Би ийм зүйлд автаж, хэргийг шалгах явцад зогсоохгүй” хэмээж.

Үнэхээр ч долдугаар сарын 1-ний дараа цагдаа нар тушаалаар гох дарсан бус үймээн, самууныг далимдуулж хэн нэгэн үл таних иргэн байлдааны сумаар үл таних таван иргэнийг хөөчихсөн гэх нь халгүй зөвтгөл явж байсан нь нууц биш. Энэ бол тухайн үеийн Монголын төрийн дээд албан тушаалтнууд хийгээд урдуур хойгуур гүйгчдийнх нь өгч байсан тайлбараас тод харагдсан “онош”. Харин энэ удаад монголчууд иймэрхүү тайлбарт итгэхгүй нь ойлгомжтой. Харин 2008 оны долдугаар сарын 1-ний өдөр Монгол Улсын Ерөнхий сайдын албыг хашиж, тэр үеийн Монгол ардын хувьсгалт намын даргаар ажиллаж байсан Санжаагийн Баяраас асуух асуулт олон байгаа нь гарцаагүй.

Үрээ алдсан эх, цээжиндээ нулимсаа нуусан эцэг, хайртай ханиа алдаж, өнчин үрээ бусдаас харамлан суугаа эхчүүд, хэзээ ч эргэж ирэхгүй аавынхаа гэгээн дурсамжаар амьдарч буй бяцхан жаалууд…Амь насаа алдаагүй ч амьдралынхаа турш долдугаар сарын 1-нд авсан гэмтэлдээ шаналж суугаа цагдаа болон жирийн иргэд…Улстөрчдийн бохир тоглоомоос үнэнийг олох гэснийхээ төлөө гэмт хэрэгтний эгнээнд шилжсэн “Долдугаар сарын 1”-ний гэх ялтнууд…Дэггүй зандаа хөтлөгдөж, ганц чулуу шидснийхээ төлөө хүүхэд насаа шоронгийн өрөөнд өнгөрүүлсэн балчир хүүхдүүд…Эрх чөлөө, шударга ёс, эв нэгдэл гэж хэзээ ч байхгүй, тэр дундаа амьд явах эрхтэй гэдэгтээ долдугаар сарын 1-ний өдрөөр итгэх итгэлээ алдсан Монголын ард түмэн…Тэд, бид, бүгдээрээ дараах асуултыг асуумаар байна. Гол нь асуулт бүхэнд хариулт өгөх үүрэг нь Ерөнхий сайдын албаа сайн дураар өгсөн ч Санжаагийн Баяр гэдэг хүний намтар түүх нь хэр хол үргэлжилнэ, тэр хүртэл ямагт хадаастай байх ёстой гэдэгт итгэж байна.

 Тэр олон асуултын эхлэл нь “Танд хэзээ ямагт Монгол ардын намын байр чухал уу, аль эсвэл монголчуудын амь нас чухал уу”. Энэ бол С.Баяраас асуух хамгийн эхний асуулт. Учир нь намын байрны гадаа жагсагчид чулуу шидэж байхад тухайн үеийн МАХН-ын Удирдах зөвлөл хэвлэлийн бага хурал зарлаж, тэр үед С.Баяр “Гадаах жагсагчдаас биднийг хамгаалах хамгаалалтыг Монголын ард түмнээс хүсч байна” хэмээн мэдэгдсэн юм. Их удалгүй Ерөнхийлөгчийн өрөөнд Ардчилсан нам болон МАХН-ын удирдлагууд хуралдаж, асуудлыг хэрхэх талаар ярилцахаар болоход С.Баяр “Тэнд манай намын байр шатаж байна” гэж уйлан дуугарах нь холгүй хэлэлцээрээс гэдийж байсан. Тэр цаг ямагт намын байрны төлөө зүрхээ шаналгаж, намын буюу цөөхөн хэдэн лидерийн эрх ашгийн төлөө сэтгэлээ чилээж байсан. Үүнийх нь далд шалтгааныг түүнээс “Яагаад” гэж асуумаар байна.

Бас “Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын үг бүхэн үнэн үү” гэдгийг асууна. Цаашлаад “Та, Ерөнхийлөгч асан Н.Энхбаярт цагдаа бол миний мэдэлд байдаг. Би онц байдал зарлахгүй бол цагдааг эрх мэдлийнхээ хүрээнд татна” гэж хэлснээ ямар баримтаар нотлох вэ гэдгийг тодруулна. Тэгээд бас нэгэн ярилцлагадаа хэлсэн “Шатсан байрнаас хамгийн сүүлд тавуулаа гараад Үндэсний аюулгүй байдлын зөвлөл дээр “Галт зэвсэг хэрэглэж хэрхэвч болохгүй” гэж Ерөнхий сайдын хувьд хүчний байгууллагын удирдлагад тушаал буулгаж байсан. Гэлээ ч хүний амь үрэгдсэн” гэх өгүүлбэрийн тань талаар асууна. Таныг “Болохгүй” гэдэг тушаал буулгачихаад байхад хэн нь бусдын зүрх рүү сум шигтгэж “тоглосон”-ыг яагаад та өөрөө цаг алдалгүй шалгуулж болоогүй юм бэ гэдэгт ямар хариулт өгөхийг тань мэдэхийг хүсч байна. Яагаад намын байр руу чулуу шидсэн хүүхдийг, хүүхнүүдийг, эрчүүдийг цаг алдалгүй олж чадсан шигээ бууны гох дарсан тэр хүмүүсийг яагаад тийм их хурдтайгаар олоогүй юм бэ гэдгийг.

Энэ бол Ерөнхий сайд асан С.Баяраас асуух түм, буман асуултын түрүүч. Төгсгөлд нь, таны өндрийг нь авахуулсан энэ хэдэн улстөрчдөд тань “Долдугаар сарын 1-ний үймээнийг дахиулахгүй байх даруулга байна уу” гэдэгт хариулт авч болох юм. Хамгийн гол нь энэ бүхэн Н.Энхбаяр, С.Баяр нарын хоорондын улс төрд эрх мэдлээ булаалдаж, эрх ашгаа хамгаалах гэсэн тэмцлийн тэмдэгт уулзвар биш юм. Харин Монголын ард түмний хэзээ ч үнэн хариултыг нь олж авч чадахгүй байж мэдэх их эмгэнэлийн үнэн баримт байх ёстой гэдэгт итгэж байна. Түүнээс бус Н.Энхбаяр нь С.Баяр ба түүний нөхдийг нүх рүү түлхэж, Баяртангууд нь Н.Энхбаярыг гомдогсдын тэргүүн болгож, доромжлох нь бидэнд сонин биш.

Иймд Улсын Ерөнхий прокурор хэлсэн үгэндээ хүрч, хэлсэн үгийг нь хавтсанд нь нууж, хэлэлцсэн маргааныг нь хаалганы цаана далдлаад өнгөрөхгүй гэж найдъя. Бас “С.Баяр Америкаас ирлээ”, “С.Баяр Америк явлаа” гэдэг айлчлалын тойм аятай усан мэдээ дахин хэвлэлийн хуудаснаа буухгүй гэж итгэе.

Г.ОТГОНЖАРГАЛ


Зохиогчийн эрх:
"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж