Хавдрын шинж тэмдэг эрчүүдэд хэрхэн илрэх вэ?

Хуучирсан мэдээ: 2011.03.16-нд нийтлэгдсэн

Хавдрын шинж тэмдэг эрчүүдэд хэрхэн илрэх вэ?

Эрчүүд хэнэггүй. Өвчнөө тоолгүй явсаар эцсийн шатанд нь хүргэчих гээд байдаг гэмтэй. Хэнэггүйгээс гадна дөнгөж эхэлж буй нарйн шинж тэмдгүүдийг анзаарахгүй байдаг төрөлхийн онцлог тэдэнд бий. Хавдраар өвчилж эхэлж буй эрчүүдэд ямар түгээмэл зовиур, шинж тэмдэг илэрдгийг танилцуулж байна.


Гэдэс хямрах: Ялангуяа бүдүүн гэдэсний хавдрын үед шалтгааныг нь хэлж үл мэдэх гэдэс хямрах шинж тэмдэг илэрнэ. Цөсний хавдрын үед дотогшоо дараад байгаа мэт битүү байдлаар өвдөнө. Элэгний хавдартай хүмүүсийн ихэнх нь гэдэс өвдөөд байна хэмээн эмчид ханддаг. Гэдэс ойр ойрхон хямраад хэвийн биш байдаг бол эртхэн эмчид үзүүлээрэй.


Гэдэс дүүрэх, цанхайх: Ходоодны хавдрын эхэн үед гэдэсний дээд болон дунд хэсгээр хөндүүрлэж өвдөхөөс гадна хий дүүрэхийг мэдэрнэ. Ялангуяа хоол идсэний дараа. Мөн тун бага хэмжээний хоол идсэний дараа л гэдэс дүүрсэн юм шиг мэдрэмж төрнө. Энэ нь ходоодны хүчилтэй холбоотой. Харин хэвлийн доод хэсгээр шалтгаангүйгээр хөндүүрлэх нь элэгний хавдрын дохио. Гэдэс цатгалдаад байх ч бас элэг эвгүйтэж эхэлснийг сануулдаг.


Жин алдах: Дасгал хөдөлгөөн хийгээгүй байхад, жин хасах ямар нэг ородлого хийгээгүй байхад жингээ алдаж эхэлбэл эмчид хандаарай. Шалтгаангүй жин алдах нь бүдүүн гэдэс болон хоол боловсруулах эрхтний хавдрын эхний шинж тэмдэг.


Амьсгаадах болон амьсгал дутуу авагдаад байгаа мэт мэдрэмж төрөх: Уушгины хавдрын шинж тэмдэг. Ихэнх хүмүүс амьсгаадаад ирэхээрээ багтраа өвчинтэй болж байна гэж боддог. Амьсгал дутагдах мэдрэмжийн үед цээжээр хөндүүрлэдэг. Цустай шүлс гарч байвал аюул бүр ч ойрхон ирсний дохио. Удаан хугацаагаар ханиалгах, цээжээр хөндүүрлэх нь мөн л уушги муудсаны шинж.


Ойр ойрхон халуурах: Ямарваа шалтгаангүйгээр ойр ойрхон халуурах нь цусны хавдрын үндсэн шинж тэмдэг. Цусан дахь улаан цогцос нэмэгдсэнээр ийнхүү халуурдаг. Хүмүүс үүнийг ханиад хүрч хэмээн андууран халуун буулгах эм хэрэглэж явсаар өвчнөө хүндрүүлдэг.


Залгихад зовиуртай болох: Залгих үед ямар нэг зовиур мэдэгдэхийг хүмүүс хоолойны өвчин гэж санадаг. Хоолойны хавдрын үед ийм зовиур илэрнэ. Гэхдээ уушгины хавдрын үед мөн ийм зовиур илэрдэг. Улаан хоолойн хавдрын үед ханиад хүрсэн мэт хоолой хөндүүрлэдэг. Ойр ойрхон хоолойгоо засмаар санагдаад байдаг бол эмчид хандах хэрэгтэй. Мөн залгисан хоолны зүйлс цээжинд тээглээд байгаа юм шиг мэдрэмж төрдөг бол.


Цээж хорсох: Ганц хоёрхон гурилан амттан идэнгүүт цээж хорсдог хүмүүс бий. Бас цээжээр үл ялиг хөндүүрлээд байдаг хүмүүс улаан хоолойн хавдрын шинжилгээ өгөхөд гэмгүй.


Уушгины хавдартай хүмүүс нүүр хавагнах, улайх шинж тэмдэг мэдэрдэг.


Шээсний хэмжээ багасах, шээх үед хөндүүрлэх: Шээс удаж байж гарах, зовиур мэдрэх, шээсний хэмжээ багасах нь түрүү булчирхай өвдөж эхэлснийх. Энэ өвчний бүүр даамжирсан шинж тэмдэг бол шээс цустай гарах. Цусны өнгө яг бидний мэддэг шиг тод улаан биш, бүдэг ягаан, бараан улаан, бүдэг бордуу өнгөтэй байж болно.


Түнх, ташаа, аарцгаар хөндүүрлөх, янгинах: Түрүү булчирхайн хавдар шээсээр илрэхээс гадна эдгээр шинж тэмдгээр илэрнэ. Дээрх хэсгүүдээр үе үе өвддөг бол мөн хэвлийн доогуур, давсгаар зовиурладаг бол яаралтай эмчид очоорой.


Нуруу өвдөх: Энэ зовиур маш түгээмэл. Тэр бүр ач холбогдол өгөөд байдаггүй. Гэвч шалтгаангүйгээр нурууны доод хэсгээр өвдөн, гуяа дагаж хөндүүрлэх нь мөн л түрүү булчирхайн хавдрын шинж. Харин нурууны өвчин хэвлийн дээд хэсгээр хөндүүрлэх зовиуртай хавсарч байвал цөсөө үзүүлээрэй.


Хумсан дээр толбо үүсэх: Бор, хар өнгийн толбонууд гарын хумсан дээр үүсээд байвал арьсны хавдрын эхний шинж тэмдэг байж болно. Харин хурууны үзүүрүүд өргөсөн, хумс нь доошоо хуруугаа даган махийгаад байвал уушгины хавдрын шинж. Хэтэрхий цагаан өнгийн хумс элэгний үйл ажиллагаа хэвийн бус байгааг сануулдаг.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж