ШУТИС-ийн удирдлагууд Ажлын хэсэг байгууллаа

Хуучирсан мэдээ: 2012.01.31-нд нийтлэгдсэн

ШУТИС-ийн удирдлагууд Ажлын хэсэг байгууллаа

Шинжлэх ухаан технологийн их сургуульд одоогоор 36 мянган оюутан суралцдаг ажээ. Гэвч “Хоёрдугаар ээлж”-ийнхэн гэх тодотголтой 5960 гаруй оюутан Хүний хөгжил сангийн 500 мянган төгрөгийг авч чадахгүй байгаа тухайгаа мэдэгдэн, өчигдөр хэвлэлийн бага хурал зарласан юм. Хуулинд өдрийн ангид суралцагчдад 2011 он хүртэл бэлэн мөнгө хэлбэрээр хүртэх хишиг, хувиас гадна сургалтын төлбөр хэлбэрээр хишиг хувь хүртэж болно гэж заасан байхад өдрийн ангитайгаа хамт хичээл сонголт хийж, нэг анги танхимд суралцдаг хэрнээ Хүний хөгжил сангийн мөнгөнөөс авч чадахгүйд хүрээд буйдаа оюутнууд гомдоллож байсан юм. Түүгээр зогсохгүй тэдгээр оюутнууд Монгол Улсын Ерөнхийлөгч, Засгийн газар, Улсын их хурал дахь намын бүлэгт хандан өчигдөр хүсэлт хүргүүлэн, түүнд хариу өгөхгүй бол Монголын үйлдвэрчний эвлэлийн хорооны жишгээр ордны хаалгыг хаана гэсэн мэдэгдлийг өчигдөр хийсэн байгаа.

Тэгвэл оюутнуудыг бухимдуулаад буй эл асуудалтай холбогдуулж өнөөдөр БСШУ-ны сайд 39 дүгээр тушаал гаргажээ. Энэ нь ШУТИС-ийн оройн ангийн оюутнуудын хүсэлтийг судлан дүгнэлт гаргах Ажлын хэсэг байгуулах тухай юм. Улмаар уг тушаал гарсантай холбогдуулан ШУТИС-ийн удирдлагууд өнөөдөр хуралдаж, Ажлын хэсэг байгуулсан байна. Тус ажлын хэсгийн ахлагчаар БСШУ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Далайжаргал ажиллах бол гишүүдэд Мэргэжлийн боловсролын газрын дарга М.Баасанжав, мэргэжлийн боловсролын газрын мэргэжилтэн Б.Баднайнямба, Г.Батнэмэх, ШУТИС-ийн дэд захирал Г.Дамдинням, Я.Наранцэцэг, тус сургуулийн газрын дарга Н.Ганзориг нар багтжээ. Ажлын хэсгийнхэн дүгнэлт буюу шийдвэрээ  ирэх хоёрдугаар сарын 7-ны дотор гаргаж, яамны удирдлагуудад танилцуулах үүрэг авсан талаар өнөөдөр бид тодрууллаа. 

Д.Жаргалсүрэн

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж