Залуус хотын соёлыг түгээнэ

Хуучирсан мэдээ: 2012.01.30-нд нийтлэгдсэн

Залуус хотын соёлыг түгээнэ

“Монгол ньюс” мэдээллийн төвд өнөөдөр “Миний бүтээсэн Улаанбаатар, залуучуудын оролцоо” клубээс нийслэл хотоо хайрлан, соёлтой Улаанбаатарын залуучуудыг бий болгох “Соёлын довтолгоо” хөтөлбөр хэрэгжүүлэх талаараа мэдээлэл хийлээ.

“Миний бүтээсэн Улаанбаатар, залуучуудын оролцоо” клуб, МУИС-ийн оюутны холбоо хамтран “Соёлын довтолгоо” хөтөлбөрийг хэрэгжүүлэх гэнэ.

Энэхүү хөтөлбөрийн хүрээнд “Улаанбаатарын баасан гариг” нэртэй клубыг шинэчлэн байгуулахаар болжээ. Тус клубт баасан гариг  бүрт залуус чөлөөт цагаа бар цэнгээнээр хэсэхийн оронд энд цугларан оюунаараа мэтгэлцэж,  нэг нэгэндээ цэнэг өгөн, санаа бодлоо хуваалцдаг байхыг зорьж байгаа аж.

Энэхүү хэвлэлийн хуралд Монголын Фейсбүүкчдийн холбооны тэргүүн Н.Ирээдүй, “Миний бүтээсэн Улаанбаатар” ТББ-ын тэргүүн Н.Даваадорж, МУИС-ийн оюутны холбооны тэргүүн Н.Хөлгөн, “Punk & Rad” бүжгийн хамтлаг оролцов.

“Миний бүтээсэн Улаанбаатар” ТББ нь залуучуудын оролцоог дэмжиж, их хотын давалгааг үүсгэж, хотын соёл тэр дундаа хүний хөгжил, төлөвшилд нөлөөлөх зорилготойгоор байгуулагдаад хоёр жилийн нүүр үзжээ. Тэд “Улсын хөгжил өндөр байшин, үнэтэй машинаас эхэлдэггүй. Улсын хөгжил залуу хүний боловсрол, ёс суртахуунаас шууд хамаардаг. Хичнээн бид цаг үетэйгээ хөл нийлүүлэн амьдарч байгаа ч Монгол ёс заншил, ухааныг ойлгож ухаардаг залуус нь цөөрсөн.  Одоогийн нийгэмд залуусын сэтгэлгээний бохирдол дээд цэгтээ хүрч оюуны түгжрэлд орсон. Тиймээс хүнлэг оюунлаг өнгөрсөн түүхээрээ бахархдаг, ахмад настанаа хүндэлдэг залуучууд, иргэд болцгооё “ хэмээн уриалаа. Тэд энэ хурлаараа дамжуулан залуусыг хийсэн нэгнээ гаднаас нь хараад шүүмжлэх бус тэдэнтэй нэгдэн Улаанбаатарынхаа хөгжилд хувь нэмрээ оруулан чадах чинээгээрээ орчин тойрондоо хотын соёлыг түгээхийг уриаллаа.

А.Зул

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж