Оюутнууд төрийн ордны хаалгыг хаана гэв

Хуучирсан мэдээ: 2012.01.30-нд нийтлэгдсэн

Оюутнууд төрийн ордны хаалгыг хаана гэв

2009 онд Улсын Их хурлаас баталсан “Хүний хөгжил сангийн тухай” “Монгол улсын хуулийн 17 дугаар зүйлийг үндэслэн 2010 онд Монгол улсын засгийн газрийн 347 дугаар тогтоолд их, дээд сургууль, коллежийн өдрийн ангийн оюутнууд сургалтын төлбөр хэлбэрээр хишиг хувь хүртэх боломжтой болсон билээ. ШУТИС нь одоогоор 36 мянган оюутантай. Гэвч “Хоёрдугаар ээлж” гэх тодотголтой ШУТИС-н 5960 гаруй оюутан Хүний хөгжил сангийн 500 мянган төгрөгийг авч чадахгүй байгаа гэнэ. Учир нь энэ хуулинд өдрийн ангид суралцагчдад 2011 он хүртэл бэлэн мөнгө хэлбэрээр хүртэх хишиг, хувиас гадна сургалтын төлбөр хэлбэрээр хишиг хувь хүртэж болно гэж заасан. Оройн гэж хуулинд зааснаар оройгоор хичээл үздэг, хичээлийн хажуугаар ажил хийдэг оюутныг хэлдэг. Гэтэл мэдэгдэл хийсэн оюутнууд нь өдрийн ангитайгаа хамт хичээл сонголт хийж, нэг анги танхимд суралцдаг ажээ. Тэгсэн хирнээ эдгээр оюутнууд одоо болтол өнгөрсөн жилийн таван зуун мянган төргөгөө авч чадаагүй байгаа аж. Оюутнууд Монгол Улсын Ерөнхийлөгч, Засгийн газар, Улсын их хурал дахь намын бүлэгт хандан хүсэлт хүргүүлж байна. Хэрэв энэхүү хүсэлтэд хариу өгөхгүй бол Монголын үйлдвэрчний эвлэлийн хорооны жишгээр ордны хаалгыг хаана гэв.

Энэ тухай ШУТИС-ийн Нийгмийн технологийн сургуулийн төгсөх курсын ангийн оюутан С.Өлзийхишигтэй ярилцлаа.


-Ямар учраас та бүхэн хүний хөгжил сангийн мөнгөө авч чадахгүй байгаа вэ?

-Биднийг их сургуульд орох томилолтод 2-р ээлж гэсэн тодотгол байсан. Үүнийг  манай сургуулийн удирдлагууд оройн ээлж гэж үзээд өмнөх жилийн 500 мянган төгрөгөө одоо болтол авч чадахгүй байна.

-Яагаад нэг, хоёрдугаар ээлж гэж ангилдаг юм бэ?

-Яам тамгын газраас захиалсан буюу товлосон оюутан элсүүлэх тоог заасан томилолт байдаг. Манай сургууль дотооддоо шийдвэрлэн өөрсдөө томилолт нэмдэг буюу нэмж оюутан элсүүлдэг.  Бид тэр нэмэлт элсэлтэд хамрагдсан оюутнууд. Ингээд  нэмэлтээр элссэн оюутнууд “хоёрдугаар ээлж” гэх тодотголтой болж байгаа юм.

-Нэгдүгээр ээлжээсээ ялгаатай эсэхийг анх мэдсэн үү?

-Анх сургалтын албанаасаа асуухад нэгдүгээр ээлжээсээ ямар ч ялгаагүй гэсэн. Гагцхүү төрийн сангийн зээл авахад л хүндрэл гардаг гэсэн. Тэрнээс биш ингээд хүний хөгжил сангийн мөнгөө авч чадахгүй байсан бол бид анх сонголт хийхдээ л анхаарах байсан.

-Сургуулийн удирдлагууд энэ асуудлаар ямар нэг хариу өгсөн үү?

-Манай сургуулийн удирдлагууд төрөөс хувьсах зардлын мөнгө авах болохоороо бидний тоог оруулаад мөнгө авдаг. Харин Хүний хөгжил сангийн мөнгийг өгөх болохоор биднийг тоодгүй. “Төр л мэднэ, яам энэ асуудлыг шийднэ” гэсэн хариулт өгдөг.

-МУИС-н оюутнууд тэтгэлгийн 70 мянган төгрөгөө хандивлах уриалга гаргасан. Танай сургуулийн оюутнууд дэмжиж байгаа юу?

-Ер нь бол дэмжиж байгаа. Тэтгэлгийн 70 мянган төгрөгийг бас л өдрийн ангийн оюутнуудад өгнө гэсэн. Бид энэ мөнгийг авах эсэх нь тодорхойгүй байна.

Д.Жаргалсүрэн

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж