“Төрийн мэдээлэл”-ийн шинэ дугаар гарчээ

Хуучирсан мэдээ: 2011.03.16-нд нийтлэгдсэн

“Төрийн мэдээлэл”-ийн шинэ дугаар гарчээ

Эмхтгэлийн шинэ дугаарт “Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журам”-ыг баталсан Засгийн газрын тогтоолыг нийтэллээ. Энэхүү журам  нь ус, цацраг идэвхт элемент агуулсан хүдэр, газрын тос, байгалийн хийгээс бусад төрлийн ашигт малтмалыг бичил уурхайн хэлбэрээр олборлох үйл ажиллагаанд хамаарах юм байна. Журмаар бичил уурхайн талаархи сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын болоод сум, дүүргийн Засаг даргын эрх, үүргийг нарийвчлан тодорхойлжээ. Мөн ашигт малтмал олборлох гэрээ байгуулах тухай өргөдөл хэрхэн гаргах, олборлосон ашигт малтмалыг борлуулах талаархи нарийн зохицуулалтыг тусгасан байна. Бичил уурхайгаар ашигт малтмал олборлоход хориглох зүйл, онцгой нөхцөл, хяналт тавих, хүлээлгэх хариуцлагын талаархи мэдээллийг эмхтгэл өгөх болно.
    “Үндэсний түргэн тусламжийн сүлжээ” хөтөлбөрийг баталсан Засгийн газрын тогтоолыг мөн нийтэллээ. Манай улсад түргэн тусламжийн дуудлагын тоо жил ирэх тутам нэмэгдэж, жилд дунджаар 600 мянга гаруй дуудлага гарч байгаагаас 25 хувь нь нийслэлд, 75 хувь нь хөдөө орон нутагт тохиолдож байгаа юм байна. Нийслэлийн хүн амын өсөлттэй уялдан дуудлагын тоо жилээс жилд нэмэгдэн 2009 оны байдлаар 144908 дуудлаганд үйлчилсэн нь өмнөх оноос 20000 гаруй дуудлагаар илүү байгаа аж. Хүн ам шигүү суурьшсан Сонгинохайрхан болон Баянзүрх дүүрэгт нийт дуудлагын 45,2 хувь ногдож байгаа бөгөөд олон улсын жишгээр 10 мянган хүн ам тутамд нэг түргэн тусламжийн баг үйлчилдэг байхад нийслэлийн хэмжээнд өдөрт 40 хүрэхгүй автомашин үйлчилж байгаа нь олон улсын жишгээс 3 дахин бага байгаа юм. Өнөөгийн байдлаар нийслэлийн хэмжээнд хүлээн авсан нийт дуудлагын  76.2 хувь нь 20 минутаас дээш хугацаагаар хүлээлгэсэн байна.
    Түргэн тусламжийн үйлчилгээг үр дүнтэй бүтэц, зохион байгуулалтад оруулах, менежментийг сайжруулах, техник, багаж, тоног төхөөрөмжийг шинэчлэх, боловсон хүчний мэдлэг, чадварыг дээшлүүлэх замаар олон улсын жишигт ойртсон нэгдсэн тогтолцоо бий болгох шаардлагатай байгаа тул “Үндэсний түргэн тусламжийн сүлжээ хөтөлбөр”-ийг боловсруулжээ. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх зарчим, үйл ажиллагаа, хүрэх үр дүнгийн талаар “Төрийн мэдээлэл”-ээс унших боломжтой.
Түүнчлэн Жагсаалт батлах тухай Засгийн газрын тогтоолыг нийтэллээ. Энэхүү тогтоолоор Хүчингүй болсонд тооцох  аж ахуйн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн жагсаалт, төрийн бус байгууллагад гэрээний үндсэн дээр хариуцуулан гүйцэтгүүлэх зөвшөөрлийн жагсаалт, барилга барих зөвшөөрөл, баталгаажуулалтад гарын үсэг зурах албан тушаалтны жагсаалтыг баталсан байна.

“Төрийн мэдээлэл” эмхтгэлийн редакци
2011.03.16

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж