Эрх баригч нам санал хураалтыг будилуулсан гэв

Хуучирсан мэдээ: 2011.03.16-нд нийтлэгдсэн

Эрх баригч нам санал хураалтыг будилуулсан гэв

Ням гаригт Оросын сонгогчид эрх баригч Нэгдмэл Орос намын  зүгээс саналын хуудас илүү оруулахыг оролдсон, зодоон нүдээн гаргасан  зэрэг олон тооны зөрчил дунд бүс нутгийн сонгуульд саналаа өгцгөөв.
Санал хураалтыг ирэх арванхоёрдугаар сарын Төрийн Думын  болон 2012 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн урьдчилсан дүр зураг болгон үзэж байгаа юм. Олон нийтийн санаа бодлыг судлах бүх Оросын төвөөс (ВЦИОМ) явуулсан санал асуулгаар “Нэгдмэл Орос” намын чансаа оны эхний саруудад 50 хувиас доош унаж, 2007 оноос хойш хамгийн доогуур хэмжээнд байна.
“Нэгдмэл Орос” намын лидер Борис Грызлов мэдэгдэхдээ сонгогчдын оролцоо өндөр байгаа, сонгуулийн урьдчилсан дүн намд итгэх итгэл өссөнийг харууллаа (13 субъектын бүгдэд нь эрх баригч нам ялж байна) гэв. “Энэ бол “Нэгдмэл Орос” намын оролцоотойгоор манай оронд бий болсон улс төрийн систем нь сонгогчдын эрх ашигт нийцэж, тэдний итгэлийг олж байна. Өмнөх сонгуультай харьцуулахад эдгээр бүс нутагт биднийг дэмжих нь нэмэгджээ” хэмээн Грызлов намынхаа вэб-сайтад гаргасан материалд өгүүлжээ.
Харин Коммунист намын төлөөлөгчид ОХУ-ын өмнөд хот Саратовт Кремлийн талынхан зөвшөөрөлгүй жагсаал хийж, ажиглагч нарт санал өгөх хайрцгуудыг хянахад нь бүдүүлгээр саад хийсэн, мөн “Нэгдмэл Орос намын төлөө” 1000 хүртэл саналын илүү хуудас хийхээр оролдсон зэрэг  олон тооны зөрчил гарсан тухай гомдлыг ням гаригт гаргасан байна. “Сүүлийн 15-20 жилийн дотор боловсруулсан “Нэгдмэл Орос”-ын авч хэрэглэдэг бүхий л бохир технологийг нэг дор үзсэн анхны тохиолдол энэ боллоо” гэж коммунистуудын лидер Геннадий Зюганов намынхаа сайтад бичсэн байв.
“Нэгдмэл Оросын” өндөр тушаалын төлөөлөгч видео бичлэгт бичигдсэн саналын хуудасны будилааныг, мөн эрх баригч намын төлөө санал өгөх шахалтад орсон хүмүүс утсаар гомдол гаргасан зэргийг хүлээн зөвшөөрсөн байв. Гэхдээ эдгээр хэрэг явдлын найруулагч нар нь сөрөг хүчин, тэд эрх баригч намыг муулахаар үүнийг хийсэн хэмээн тэр тэмдэглэжээ. “Сөрөг намын иймэрхүү ажиллагаа нь зөвхөн сонгуулийн системийг үгүйсгэн муулсан хэрэг ч биш, манай орны нэр хүндэд харшилж байна” хэмээн намын ерөнхий зөвлөлийн орлогч дарга Константин Косачев мэдэгдсэнийг “Интерфакс” агентлаг дамжуулжээ. “Энэ бүгд нь улс төр ба иргэний ёс суртахууны хүрээнээс хальж байна” гэж тэр хэлэв.
Ерөнхийлөгч Дмитрий Медведев Орост томоохон улс төрийн олон ургальч үзлийг дэлгэрүүлэхийг нэг биш удаа уриалж байлаа. 2009 онд тэрээр Нэгдмэл Орос намыг улсын хөрөнгөөр өөрсдийн сонгуулийг явууллаа гэж буруутгасан удаатай. Өнгөрсөн сард тэр мэдэгдэлтэй нь адил төстэй санааг Сангийн сайд Алексей Кудрин гаргаж, цэвэр шударга сонгуулийн эх сурвалжтай “итгэлийн мандатгүйгээр” эдийн засгийн шинэчлэлийг явуулах боломжгүйг мэдэгдэв.  
“Нэгдмэл Орос” намынхан 50 хувийн санал авахын тулд өнгөрсөн сард Засгийн газрын эсрэг томоохон ажиллагаа явуулсан Калининград, сөрөг хүчний либерал лидер захирдаг Вятка зэрэг мужуудад нэлээдгүй зүтгэх шаардлагатай байна. Сонгогчдын оролцоо бас энэ намд тустай. Эрх баригч намын гол өрсөлдөгч Оросын коммунист нам сонгуулийн өмнөх олон нийтийн санал асуулгаар тогтмол найман хувьтай гарч байлаа (саяын сонгуульд уг нам  хоёрдугаар байрт зогсчээ). Түүний дараа Либераль ардчилсан нам, дөрөвт нь таван хувийн саналтай “Шударга Орос” нам (энэ нам олон мужид ЛАН-аас дээгүүр санал авсан байв) орж байна. ВЦИОМ-ын санал авагчид “Холбооны парламентын сонгуульд та ямар намыг дэмжих вэ?” гэсэн асуултыг санал асуулгад оролцогсдод тавьжээ.

Эх сурвалж: Ruling Party Is Accused of
Fraud in Russian Vote, (“The New York Times”, Эллен Бэрри (Ellen Barry), АНУ)
Ш.САМБУУ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж