БНХАУ олон намын тогтолцоонд шилжихгүй

Хуучирсан мэдээ: 2011.03.16-нд нийтлэгдсэн

БНХАУ олон намын тогтолцоонд шилжихгүй

БНХАУ нь өрнөдийн орнуудын адилаар олон нам ээлжлэн засгийн эрх барих, удирдах арга барилд олон ургальч зарчим тогтоох, парламентыг хоёр танхимын тогтолцоотой болгох,  холбооны засаглалын тогтолцоог хэрэгжүүлэхгүй гэв
БНХАУ-ын нийслэлд тус улсын парламент болох Бүх Хятадын Ардын төлөөлөгчдийн Их Хурал /БХАТИХ/-ын 3000 төлөөлөгч  есөн өдөр чуулж даваа гаригт өндөрлөжээ. Энэ үйл явдал Японд болж буй байгалийн гамшгийн “сүрд” дарагдсаад өнгөрснөөс биш дэлхийн олон нийтийн анхаарал эдийн засгийн өсөлтөөрөө дэлхийд тэргүүлэх орны нэг болох Хятадын зүг хандаад байсан юм.

БХАТИХ-ын Байнгын хороо­ны дарга У Бангуо хаалтын чуул­ган дээр “XII таван жилийн төлөв­лөгөөний шинэ гараан дээр  хууль тогтоох арга барилыг эрчимтэй өөрчилж, Хятадын онцлогтой социализмын хуулийн системийг боловсронгуй болгож, Үндсэн хууль болон хуулийн хэрэгжилт, нэр хүндийг хамгаалж, социалист хуулийн засаглал бүхий орныг байгуулах болно” хэмээн дүгнэжээ. БНХАУ улс төрийн хувьд шинэчлэлт хийх цаг ирснийг хэдэн жилийн өмнө “социалист ардчилал” гэсэн томъёоллоор дэлхий дахинд дуулгасан. Харин одоо социалист ардчиллаа өргөт­гөн гүнзгийрүүлж, Хятадын онцлогтой социалист хууль зүйн системээр улс орноо цаашид ч удирдан жолоодох болно гэсэн санааг У Бангуо дарга илтгэлдээ дурдсан байна. Гэхдээ БНХАУ нь өрнөдийн орнуудын адилаар олон нам ээлжлэн засгийн эрх барих, удирдах арга барилд олон ургальч зарчим тогтоох, парламентыг хоёр танхимын тогтолцоотой болгох,  холбооны засаглалын тогтолцоог хэрэгжүүлэхгүй гэв. Хэдийгээр БНХАУ-д олон нам байдаг ч тэдгээр нь ХКН-аар удирдуулдаг. Цаашид ч бусад намууд ХКН-аар удирдуулан хамтран ажиллаж, өмнө мөрдөж ирсэн улс төрийн зөвлөлдөх тогтолцоог баримталж, БХАТИХ-ын бүрэн эрхийг чанд мөрдөх болно гэдгийг сая болж өнгөрсөн чуулган дахин харуулсан байна.
ХКН-ын Төв хорооны дэргэдэх Намын сургуулийн профессор Лю Жяньхүй “Тухайн улс орон улс төрийн ямар тогтолцоог баримтлах нь тэр орны түүхэн замнал болон бодит байдлаас шалтгаалахын зэрэгцээ ард түмний сонголтыг ч харгалзан үзэх ёстой. Тиймээс бид олон намын тогтолцоог баримтлахгүй” гэжээ.  
Чуулганаар БНХАУ-ын өнгөрсөн 30 жилийн үйл ажиллагаанд үнэлэлт дүгнэлт өгчээ. “Дээрх хугацаанд Хятадын эдийн засаг ес гаруй хувиар өсч, 300 сая гаруй хүнийг ядуурлаас ангижруулж, мөн тийм тооны хүний хотжилтын асуудлыг зохицуулж, дотооддоо үймээнгүй, гадагш түрэмгийлэл, дайн дажин хийгээгүй. Хятадын Коммунист нам бол эрх баригч нам. Түүний тогтоосон бодлого шийдвэр, чиг шугам нь одоогийн Хята­дын нийгэм улс төр, эдийн засаг соёлын хөгжлийн шаард­лагад нийцэх бөгөөд ард олны ашиг сонирхолд ч нийцэх юм. Энэ нь нийгмийн тогтвортой байд­лын үндсэн баталгаа. Хятадын онцлогтой социализмын улс тө­рийн тог­толцооны давуу тал нь эдийн засгийн хөгжлийн ололт ам­жил­тыг ард олонд эдлүүлэх явдал” гэж үндсэн илтгэлд дурджээ.
Хүн төрөлхтний улс төрийн соёлоос Хятад улс идэвхтэй сурал­цах боловч гаднын бодлогыг тэр хэвээр  хуулбарлаж болохгүй гэд­гийг мөн дурдсан байна. БНХАУ нь Хя­тадын онцлогтой социалист ардчиллыг өргөтгөнө гэсэн шийдвэрийг БХАТИХ-аас гаргажээ.
2011 он бол Хятадын ХII таван  жилийн төлөвлөгөөний эхний он. Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Вэнь Зябаогийн илтгэлд дурдсанаар шинэ таван жилд нүүрс, нефть, байгалийн хий зэрэг эрчим хүчний хэрэглээг нөхөн сэргээгдэхгүй эрчим хүч­ний нийт хэрэглээний 11,4 хувьд хүртэл бууруулж, дотоо­дын үйлдвэрлэлийн нийт бүтээг­дэ­хүүний нэгж бүтээгдэхүүн үйлд­вэр­лэхэд нүүрстөрөгчийн давхар исэл ялгаруулах хэмжээг 17 ху­виар багасган, хорт утааг 8-10 хувиар бууруулна гэжээ. Ирэх таван жилд эдийн засгийн бүтцийг оновчтой болгож, боловсруулах болон страте­гийн чиглэлтэй аж үйлдвэрийг түл­хүү хөгжүүлэхээр болсноо зарлалаа.
Үйлчилгээний салбарыг эрчим­тэй хөгжүүлж,  хотжилтыг түргэс­гэж, хотжилтын хэмжээг 51.5 хувьд хүргэх зорилт тавьсан байна. Орчин үеийн хөдөө аж ахуйг хөгжүүлж, дэд бүтцийг эрчимжүүлэхээс гадна шинэ таван жилд БНХАУ эдийн засгийн жил бүрийн өсөлтийг долоон хувьд барьж,  2015 он гэхэд дотоодын үйлдвэрлэлийн нийт бүтээгдэхүүнийг 55 их наяд юаниас давуулахаар төлөвлөжээ.  
БНХАУ нээлттэй бодлогыг тууштай хэрэгжүүлж, эдийн зас­гийн тогтолцоонд өөрчлөлт хий­хийн  зэрэгцээ, улс төрийн тог­тол­цоонд ч  шинэчлэлт хийх гэнэ. Со­циалист зах зээлийн эдийн зас­гийн тогтолцоог боловсронгуй бол­­гож, социалист ардчиллыг өр­гөт­гөж, социалист хууль зүйн тог­тол­цоог төгөлдөржүүлэх ёстойг Төрийн зөв­лөлийн Ерөнхий сайд онцолжээ.

Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж