Хүний эрхийг дайрсан сүүдэр

Хуучирсан мэдээ: 2012.01.26-нд нийтлэгдсэн

Хүний эрхийг дайрсан сүүдэр

Хүний эрхийг хамгаалах Human Rights Watch (HRW) байгууллага дэлхий даяар хүний эрхийг хэрхэн сахиулж байгаа талаарх илтгэлээ нийтлүүлжээ. Орос зориулсан бүлэгт Путин ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэх буйг шүүмжилж, энэ нь тус орны улс төрийн шинэчлэлийг эргэлзээтэй болголоо гэжээ.

“Ерөнхий сайд Владимир Путин 2012 оны ерөнхийлөгчийн сонгуульд нэрээ дэвшүүлэх гэсэн мэдэгдэл улс төрийн шинэчлэл хийх ирээдүйг сүүдэртүүлж байна” гэж илтгэлд тэмдэглэжээ.

Цааш нь илтгэлд, Орост хүний эрхийн төлөө тэмцэгчдийг мөрдөн мөшгиж, бие даасан байгууллага иргэний идэвхтнүүдэд дайсагнасан хэвээр байна гэж  бичжээ. Олон улсын хүний эрхийн институттай хамтарч байгаа нь “өнгөц” гэж илтгэлд нэрлэснээс гадна хүний эрх болон эрх чөлөөнд хамаатай нааштай өөрчлөлтүүд нь бусад салбарын хууль тогтоомжоор хязгаарлагдаж байгааг тэмдэглэсэн байна. Нааштай өөрчлөлтөд “хэт үндсэрхэгч Никита Тихонов, Евгений Хасис нарт өмгөөлөгч Станислав Маркелов, сэтгүүлч Анастасия Бабурина нарыг хөнөөсөн ял ноогдуулсныг оруулжээ. Энэ гэмт хэргийг илрүүлсэн нь “иргэний идэвхтнүүдийг хөнөөсөн хэргийг үр дүнтэй, хурдан мөрдөн байцаан илрүүлсний ер бусын жишээ” гэж нэрлэжээ.

Сөрөг хүчний ПАРНАС, “Өөр Орос”, “РОТ-Фронт”, “Эх орон – эрүүл санаа” зэрэг бие даасан намуудад 2011 оны арванхоёрдугаар сарын 4-ний төрийн думын сонгуульд оролцохыг зөвшөөрөөгүй нь Оросын сөрөг үнэлгээ болов. Орост үгээ хэлэх, эвсэлдэн нийлэх Үндсэн хуулийн эрхийг хэрэгжүүлэхэд ээдрээтэй байгааг илтгэлд тэмдэглэв. Үүний жишээ болгон Москвагийн Алдар хүндийн талбайд  “Стратеги-31” арга хэмжээний цуглаан явуулахыг зөвшөөрөөгүйг иш татсан байна.

Хүний эрхийн төлөө тэмцэгчид Хойд Кавказын бүсийн байдалд анхаарлаа хандуулав. “Албан ёсны мэдээгээр Хойд Кавказын босогчдын довтолгоон 2010 онд өмнөх жилийнхээсээ хоёр дахин ихэссэн” гэж илтгэлд бичжээ. Исламистуудын нууц байгууллага 2011 онд хүчээ авч нэн ялангуяа Ингушетид хүчээ авсныг илтгэлд онцлов.

АНУ-ын эрх чөлөө, хүний эрхийн асуудалд тус байгууллагын илтгэл Орост зориулсан шиг ач холбогдол өгчээ. HRW илтгэлд тэмдэглэснээр: Холбооны засгийн газар нь терроризмтай тэмцэх бодлогоо үргэлжлүүлэн Гуантанамогийн баазын шоронд сэжигтнүүдийг ял оноохгүйгээр хорьсоор байгаа ажээ. Терроризмтай хийх тэмцэлд хэлмэгдэгсдийн гомдол нь цэргийн комиссийн хүрээнд хаагдаж байгаа гэнэ. Терроризмтай хийх тэмцлийг ил тод болго гэсэн уриалгыг үл анзааран Америкийн эрх баригчид террористуудыг устгах шийдвэрээ өөрсдөө гаргасаар байна гээд үүний жишээ болгон бин Ладеныг алсныг илтгэлд бичсэн байна.

Мөн илтгэлд тэмдэглэснээр  ядуучуудын тоо Америкт 46 сая хүн болсон нь сүүлийн 52 жилийн доторх хамгийн өндөр үзүүлэлт болжээ. Хүний эрхийн төлөө тэмцэгчдийг АНУ-д 2,3 сая хоригдол байгаа нь түгшээж байна. Энд арьс өнгөний ялгаа нь хоригдох хугацаанд нөлөөлдөг гэв. Америкийн ихэнх мужуудад цаазаар авах ял өгч байгаа бөгөөд өнгөрсөн жилд 39 дээд хэмжээний ялыг гүйцэтгэсэн байна. Одоо 25 сая болоод байгаа тус орны иргэн биш хүмүүсийн эрхийг АНУ ихээр зөрчиж буйг илтгэлд өгүүлжээ. Мөн тэнд эмэгтэйчүүдийн болон сексийн цөөнхийн эрх зөрчигдөж буйг хэлсэн байв.

Тус байгууллага бие даасан хэвлэлд Украины эрх баригчид шахалт үзүүлдгийг тэмдэглэв. Украины шүүхийн системд итгэл буурч буйг бас хэлжээ. “Экс ерөнхий сайд Юлия Тимошенкод ял өгсөн бусад эрхтэн дархтан байсан хүмүүсийг мөрдөн мөшгөж байгаа нь шүүхэд үзүүлэх итгэлийг бууруулсан шалтгаан” хэмээн илтгэлд онцлов. Гүржийн эрх баригчид сөрөг хүчний ажиллагааг хатуугаар хөөн тараасан гэх шүүмжлэлийг тус байгууллагаас авлаа.

 Оросын талаас HRW байгууллагын илтгэлийг улс төрийн зорилготой хийсэн тэд Оросын байдлыг бодитоор үнэлж чадахгүй гэж үзэх талдаа байна.

Ш.Мягмар

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж