Өчигдөр Б.Баяндэлгэрийг суллахад шаардлагатай мөнгийг шилжүүлсэн тул өнөөдөр шоронгоос гаргаж авна гэсэн мэдээлэл байсан ч Балбын нийслэл Катманду хотод шатахууны үнийн өсөлтийг эсэргүүцсэн оюутнуудын үймээн дэгдээгээд байгаатай холбоотойгоор суллагдах асуудал хойшлогдож магадгүй байгаа гэнэ. Балбад оюутны холбоо болон зарим улс төрийн намуудын зохион байгуулж буй эсэргүүцэл улам өргөжиж байгаа аж. Өнөөдөр өглөөний байдлаар дэлгүүр болон албан байгууллагууд ажиллахгүй, зам хаасан тул нийтийн тээврийн үйл ажиллагаа ч зогсоход хүрээд байгаа ажээ. Гудамжинд галт бамбар барьсан жагсагчид машины дугуй шатаан эсэргүүцлээ илэрхийлж, цагдаагийнхан болон оюутнуудын хооронд мөргөлдөөн гарсаар байна. Гэсэн ч эсэргүүцэл илэрхийлж буй оюутнууд шатахууны үнийг бууруулахаас нааш Засгийн газартай ямар нэгэн хэлэлцээ хийхгүй, албан газар болон замын хөдөлгөөнийг хаасаар байх болно хэмээн мэдэгдэж байгаа ажээ. Балбын Засгийн газрын эзэмшилд байдаг “Nepal Oil Corporation” шатахууны үнээ 10 хувиар нэмсэн тул оюутнууд ийнхүү эсэргүүцэл илэрхийлэх болсон юм.
Монгол ламыг суллах ажил хойшилж магадгүй
Балбын шоронд визийн зөрчлийн улмаас гурван сар орчим хугацаанд хоригдож байгаа Б.Баяндэлгэрийг эх оронд нь авчрах талаар “Монгол айл” киноны группийнхэн хоёр хоногийн өмнө мэдээлэл хийсэн билээ. Түүнийг суллуулахаар “Дорнод нутаг" клубын тэргүүн С.Отгонбаатар шаардлагатай төлбөрийг төлж, санхүүгийн тал дээр тусална гэдгээ мэдэгдээд байгаа гэнэ. Б.Баяндэлгэр лам Энэтхэгт шавилан сууж байхдаа permit буюу байнга оршин суух зөвшөөрлөө сунгуулаагүй байсан нь түүнийг хүнд байдалд оруулаад байгаа юм. Балбын хилийг давж чадвал Монгол Улсын иргэд визгүй нэвтэрдэг Хятад руу Түвдээр дамжин орох боломжтой гэж сонссон тэрбээр Балбад ирээд баригджээ.
Д.Жаргалсүрэн