Олон улсын аливаа арга хэмжээнээс хамгийн эхэнд зохион байгуулагддаг учир Давосын чуулганыг тухайн оны эдийн засгийн чиглэлийг тодорхойлдог гэж үзэж болох юм. Энэ удаагийн чуулганд дэлхийн 100 гаруй орны 2,5 мянган төлөөлөгчид оролцохоос “Их хорь”-ийн 19 улсын Төрийн тэргүүн, 40 орны Ерөнхийлөгч болон Ерөнхий сайд нар хүрэлцэн ирсэн байна. Мөн дэлхийн нэр хүндтэй 20 том банк, газрын тос, санхүүгийн томоохон компаниудын удирдлагаас гадна эдийн засгийн шинжээч, эрдэмтэд оролцох юм. Германы Канцлер Ангела Меркель чуулганыг нээж үг хэлнэ. Чуулган энэ сарын 29 хүртэл нийт дөрөв хоног үргэлжилнэ.
Давосын чуулганыг анх Европын менежментийн симпозиумаас зохион байгуулж байсан бөгөөд 1987 оноос Дэлхийн эдийн засгийн форум хэмээн нэрийдэх болсон. Энэхүү чуулган нь олон орны тэргүүлэгчид, мэргэжилтнүүдэд мэтгэлцэх боломж болдгоос гадна тэднийг албан бус байдалд санал бодлоо солилцох таатай боломжийг олгодог байна. Дэлхийн улс төр, бизнесийн хүрээнийхний “элит” цугларалт гэж үздэг. Албаны зочид төлөөлөгчдөөс гадна дэлхийн урлаг, соёлын алдартнууд ч мөн хүндтэй зочноор уригддаг уламжлалтай. Тиймээс Давосын чуулганаар чинээлэг хүмүүс буяны үйлсэд хандив өргөх арга хэмжээнүүдийг зохион байгуулдаг байна.
Холбоотой мэдээ