”Цэнгэлдэх”-ийн гадаа зодолдоод байна шүү дээ

Хуучирсан мэдээ: 2011.03.16-нд нийтлэгдсэн

”Цэнгэлдэх”-ийн гадаа зодолдоод байна шүү дээ

МНН-ын зарим гишүүд намын дарга, УИХ-ын гишүүн Д.Энхбатыгаа шүүхэд өгсөн тухайгаа хэвлэлийн бага хурлаар зарласан. Шүүхэд өгөх болсон шалтгаанаа “МНН-ын дарга асан Д.Басандоржийг сонгуульд өрсөлдөх гэж биш, мөнгө олох гэж ордог” гэж хэлсэнтэй холбоотой хэмээн тус намын Нийслэлийн зөвлөлийн дарга Х.Алтанцацрал мэдэгдсэн. Энэ талаар УИХ-ын гишүүн, МНН-ын дарга Д.Энхбаттай ярилцлаа.

-Танай намын хэсэг нөхөд таныг намын гишүүдийг доромжилсон гэж үзэж шүүхэд өгснөө мэдэгдсэн. Нэхэмжлэлийн талаар та ямар бодолтой байна?

-Энэ тухай би хэвлэлээс уншлаа. Тэгээд ч би энэ нөхдийн талаар олон удаа ярьсан. Яах вэ, намайг шүүхэд өгч болно. Гэхдээ өөрсдөө хуурамч бичиг баримт бүрдүүлж өөрсдөө өөрсдийгөө дарга болгоод Э.Зоригт дарга бид хоёрыг намаас хөөсөн улс. Уг нь бол бид тэднийг шүүхэд өгмөөр, гэтэл тэд биднийг шүүхэд өгсөн гэх юм. Асуудал яваандаа тодорхой болно.  Энэ сарын 26-нд болох манай МНН-ын их хуралд 300-аад төлөөлөгч ирнэ. ИЗН-тай нэгдэхийг эсэргүүцэж байгаа 30-аад хүнийг ч бид намын хуралдаа урьж оролцуулна. Бид улс төрийн намын дүрмийн дагуу хуралдаж, гишүүдээсээ санал хурааснаар хоёр нам нэгдэх асуудал тодорхой болно. Түүнээс биш, би түрүүлж шийдвэр гаргаад, хэн нэгнийг хөөгөөд, эсвэл тэд биднийг хөөгөөд гэх шиг жижиг сажиг асуудал ярихгүй. ИЗН, МНН-ууд намын Их хуралдаанаа нэг өдөр хийх болсон. Өөрөөр хэлбэл хоёр нам нэгдэх эсэх талаар тус бүрдээ хуралдаад хэрвээ нэгдэх шийдвэр гарвал хамтарч хуралдаад нэгдэнэ.

-ИЗН-ын хувьд уур амьсгал ямар байгаа бол, танай нам шиг хагарал байгаа болов уу?

-Миний бодлоор аль ч улс төрийн нам, хүчний гишүүд нь 100 хувь санал нэгдэнэ гэж байдаггүй. ИЗН парламентад суудалтай болоод 10 гаруй жил болсон, өмнө нь ч БНН-тай нэгдэж, салж үзсэн, улс төрийн гашуун туршлага суусан нам. Тиймээс бүх асуудалд зарчимч хандаж, намын дүрмийн дагуу ажиллаж, олонх цөөнхөөрөө асуудлаа шийддэг гэдгийг ойлгосон нам гэж бодож байна.  Манай намын хувьд харин цөөнх нь цөөнх болж чадахгүй, хөл бөмбөгөөр бол хожигдчихоод цэнгэлдэхийн гадаа гараад зодолдоод байна. Тэр хүмүүст би хэлж байгаа, үнэхээр хожъё гэж байгаа бол цэнгэлдэх дотроо тоглох ёстой гэж. Бидний зүгээс “ИЗН-тай нэгдэх асуудлыг та бүхэн эсэргүүцэж болно, гэхдээ намынхаа хуралдаа оролцоод, асуудлаа дүрмийн дагуу явуулах хэрэгтэй шүү” гэж урьсан. Гэтэл өөрсдөө хуралдаа ирдэггүй. Э.Зоригт дарга МНН-аас гурван жилийн өмнө хөөгдөж байсан юм билээ, энэ удаад хоёр дахь нь болж байна.

-Ёс зүйн хорооны дарга М.Чинзоригийг та шүүхэд өгсөн гэсэн. Шүүх цагдаагаас дарамт ирж, М.Чинзориг танаас аргагүйн эрхэнд уучлалт гуйсан тухай өмгөөлөгч Ц.Монгол гуай ярьж байна лээ?

-Энгийн ойлгомжтой зүйл шүү дээ. Өөрийгөө МНН-ын Ёс зүйн хороон дарга гэж хуурамчаар албан бичиг үйлдвэрлээд, Э.Зоригт бид хоёрыг намаас хөөлөө гэж хэвлэл мэдээллээр цацаж, улс амьтныг бужигнуулаад байгаа асуудал чинь дүрмийн бус, цаашлаад хууль бус, эрүүгийн гэмт хэргийн шинжтэй болж байна. МАН юм уу, АН-ын даргыг ч гэсэн нэг гишүүн нь хуурамч бичиг баримт бүрдүүлээд хөөгөөд гаргачихдаг бол сонин биз дээ. Үүнийг бид намын бага хурлаараа  хэлэлцээд, хэрэв энэ байдал цааш үргэлжилбэл шүүхийн байгууллагад хандахаас өөр аргагүй гэдгийг хэлсэн. Түүнээс биш намын гишүүний ёсоор ирээд асуудал тавьсан бол ондоо. Гэхдээ бид түүнийг шүүхэд өгөөгүй, М.Чинзориг өөрөө буруугаа хүлээсэн. Яагаад буруугаа хүлээсэн бэ гэвэл О.Бум-Ялагч сонинд ярилцлага өгөхдөө “Би энэ хүнийг мэдэхгүй” гэж хэлсэн байсан. Хүнийг гараар могой бариулж ийм юм хийлгэчихээд дараа нь мэдэхгүй, танихгүй гэхээр М.Чинзориг гомдсондоо асуудлыг эргэцүүлж бодсон байх.

-Тэд намынхаа байрны гадаа жагсаал хийж МНН-ын тамга, тэмдэг, өмч хөрөнгөө буцааж авна, нэр төр гутаасны төлөө 75 сая төгрөг нэхнэ гэсэн л дээ?

-Болно. Яагаад манай намын байрны гадаа жагсаал цуглаан хийж болохгүй гэж. Монгол Улсын иргэн хэн ч бай манай намын байрны гадаа жагсаал хийж болно. Гэхдээ жагссан хүнд тамга, тэмдгээ өгчихдөг нам байхгүй л дээ. Үүнийг Монгол Улсын хууль, Улс төрийн намын тухай хуулиар, намын дүрмээр шийддэг юм. Ямар тэдний тоглоом биш, жагсаад тамга авдаг гэж юу байх юм. Тэд хичнээн ч жагсаад надаас 75 сая төгрөг авахгүй, өөрсдийгөө намын дарга гэж нэрлээд намын дарга болохгүй, тамга авна гээд ч авч чадахгүй гэдгээ мэдэж байгаа. Тэд энэ талаар Дээд шүүхэд хандаад хүлээж аваагүй юм билээ. Яагаад намын дүрмийн дагуу хяналт хийгээд Их хуралдаа ороод үг хэлээд явж болохгүй, заавал нэг хачин зохиомол жүжиг тавиад, зурагтаар гараад яваад байгаа юм. Миний бодлоор зүгээр л шантааж хийх нь тэдэнд хэрэгтэй байна. Үнэхээр жагсаад тамгаа авдаг, өөрсдөө хуралдаад дарга болдог, дээд шүүхэд хуурамч албан бичиг өгөөд бүртгүүлдэг дүрэм хуультай байсан бол би үүнийг нь тэмцэл гэж ойлгож болно. Гэтэл зүгээр л асуудлыг хөөсрүүлэх, улс төрийн шоглоом хийх нь тэдэнд хэрэгтэй байна. Ерөөсөө шантааж, шоу хийж амьдардаг хүмүүс сүүлийн үед олон болсон.

-Д.Басандорж нарыг та сонгуульд өрсөлдөх гэж бус, мөнгө олохын төлөө ажилладаг гэсэн нь ямар учиртай юм. Түүнийг чинь л нэр төр гутаасан гээд байгаа биз дээ?

-Мөнгө олох гэж ажилладаг тухайд ганц би биш, МАН болон АН-ын гишүүд ч мэднэ. 2008 оны сонгуулиар энэ явдал нь баригдаж байсан. Тухайн үед АН энэ асуудлаар гомдол гаргасан. Бидний зүгээс биш, улс төрийн хоёр том намын зүгээс бидэнд гомдол гаргаж шалгуулсан.

-2008 оны сонгуульд МНН-ын Нийслэлийн зөвлөлийн дарга Х.Алтанцацрал таны сонгуулийнхаа штабыг ахалж ажиллаж байсан, таныг УИХ-ын гишүүн болсны дараа бие төлөөлөгч, туслахыг тань хийж байсан гэсэн. Ямар асуудлаас болж  одоо дайсан болчихоод байгаа юм бэ?

-Миний сонгуулийн штабыг ерөөсөө удирдаж байгаагүй, Баянгол дүүрэгт Х.Алтанцацралтын ТББ нь байрладаг, тэнд ажлын байртай хүн. Тиймээс манай намын гишүүд ярьж байгаад Баянгол дүүргийн намын даргаар ажиллуулсан. Гэхдээ удалгүй дүүргийн намын даргаасаа чөлөөлөгдсөн. Дараа нь би өөрөө Баянгол дүүргээс УИХ-д сонгогдсон болохоор туслахаараа ажиллуулж байгаад жилийн өмнө чөлөөлсөн. Бодвол үүнд гомдолтой байдаг байх. Манай намд “Нийслэлийн намын зөвлөл” гэж байхгүй.

-Д.Басандорж гуай тэмцэл хийж, хөөгдсөн даргаасаа тамга тэмдгээ авна гэсэн. Тэр өөрийгөө ээлжит бус их хурлаас намын даргаар сонгогдсон, МНН 500 гаруйхан гишүүнтэй гэсэн шүү дээ?

-Тэр хүмүүсийг хэн даргаар томилоод байгаа юм. Намын Их хурал хуралдуулахын тулд намын бага хурлаас шийдвэр гаргадаг, тэгээгүй. МНН анх 1990 онд байгуулагдсан цагаасаа хойш орж гарсан гишүүдийн тоо нь 12 мянга хүрдэг юм. Өнөөгийн байдлаар манай намд идэвхтэй харилцаатай байдаг гурван мянга гаруй гишүүн байдаг. Д.Басандорж нарын яриад байгаа 582 гэдэг нь 2008 оны сонгуулиар манай намд ажилласан хүмүүсийн тоо. Тухайн үед бид 134 мянган дэмжигчийн санал авч байсан. Тэр хүмүүс намын гишүүдийнхээ тоог ч мэдэхгүй, сонгуулиар ажилласан хүмүүсийнхээ тоог бариад, “манай намын гишүүд” гээд явж байдаг. Өмнө нь Д.Басандорж намын дарга байхдаа МНН-ыг бүтэн найман жилд нэг ч удаа хуралдуулаагүй, намын тамганы тос нь хатчихсан, УДШ-ээс МНН-ын нэрийг хасах мэдэгдэл ирчихсэн байсан. Харин 2004 оны парламентын сонгуулийн дараа улс төрийн намын тухай хуульд өөрчлөлт оруулж, н.Ганбаатар гэдэг хүн бүртгүүлсэн. Тэр үед Д.Басандорж өөрөө алга болсон л байсан. Дараа нь Э.Зоригт МНН-ын дарга болж байсан. Тэр үед Э.Зоригтод тос нь хатсан ганц модон тамга л хүлээлгэж өгч байсан түүхтэй. Д.Басандорж МНН-ын даргаар 16 жил ажилласан хүн. Би Д.Басандоржоос эр хүний ёсоор ганц зүйл асуусан. Чи 16 жил дарга байхдаа тэр ажлаа хийхгүй яасан юм бэ гэж.

-Тэгвэл та өөрөө юу хийсэн бэ?

-Сүүлийн гурван жил МНН идэвхтэй ажиллаж байна, парламентад суудалтай боллоо, Ерөнхийлөгчийн сонгуульд идэвхтэй оролцлоо, УИХ, Засгийн газар, Ерөнхийлөгчийн төвшинд ногоон үзэл, ногоон бодлогын тухай ярьж, дэлхийн ногоон байгуулагуудын гишүүн болж би өөрөө дэлхийн тав, зургаан улсын ногоон намуудад айлчлалаар явсан. Бид ИЗН-тай нэгдэж, улс төрийн цөм хүч болох ажлыг ердөө хоёрхон жилийн дотор хийлээ. Энэ бүгдийг хийхэд ямар их хүч гарч байгааг төсөөлөх хэрэгтэй. Харин О.Бум-Ялагч гэдэг нөхөр 2008 оны сонгуульд өөрөө одоо яриад байгаа эвслийнхээ эсрэг ажиллаад, намаасаа хөөгдөх тухай ч яригдаж байсан шүү.

-Хоёр нам нэгдлээ гэхэд сонгуульд нэр дэвшүүлэх асуудлаа яаж зохицуулах бол?

-Эхний ээлжид бид хоёр талаас нэр дэвшигчдээ аль ч төвшинд эн тэнцүү дэвшүүлнэ гэсэн зарчим барьж байгаа. Мэдээж хэрэг хоёр нам өөрсдийнхөө дотоод бололцоог бодолцож, хөдөлгөөн орно. Гэхдээ нэгэнт нэгдэж байгаа болохоор нэг л нам шиг ил тод, шударгаар нэр дэвшүүлнэ.  Ер нь өнөөдөр ИЗН, МНН-ын хувьд сонгуулиас сонгуулийн хооронд ажиллахын тулд нэгдэх асуудлыг яриагүй. Манай намын билэг тэмдэг ногоон цагаан хоёр загас байдаг. Цагаан нь иргэнийг, ногоон нь байгалийг билэгддэг. ИЗН бол иргэн төвтэй нам. Ногоон эдийн засаг, ногоон хөгжлийг иргэн төвтэй намаар шийдэх юм. Энэ нь өөрөөр хэлбэл зөвхөн манай намын төдийгүй 21-р зууны хүн төрөлхтний хөгжлийн шийдэл. Тиймээс бид маш олон удаагийн сонгуульд зориулсан, улс төрийн том намын үзэл баримтлалаар нэгдэнэ.
Нөгөө талаараа хоёр нам нэгдэж байгаа асуудлыг ойлгохгүй хүмүүс өмнөх 17 жил шигээ явахыг хүсч байж магадгүй, МНН нь улс төрийн үйл ажиллагаа явуулахгүй гэдэг юм.  Тэгвэл улс төрийн нам байгаад яах юм, дугуйлан, клүб, эсвэл ТББ байж болно шүү дээ. Өнөөдөр улс төрийн намын зорилго бол байгалиа сүйтгүүлээд араас нь жагсах биш, байгальдаа ээлтэй хууль тогтоол гаргахад шууд оролцдог байх явдал. Иргэний хөдөлгөөн, улс төрийн нам хоёрын ялгаа нь энэ. Хөдөлгөөн нь шийдвэр гаргахад оролцох эрхээр дутуу, улс төрийн нам нь хуулийн дагуу оролцдог. Гэтэл манай нөхөд энэ ялгаагаа ч ойлгохгүй байна. Зөвхөн энэ асуудлыг ойлгохгүй байсан бол бид ярилцаад ойлголцож болно. Харамсалтай нь намын хуралд уриад ч ирэхгүй, ирэхгүй гэж хэлж байгаа хэрнээ сонин сонин жүжиг тавиад яваад байгаа.

-Хоёр нам нэгдлээ гэхэд өмнөх шигээ салж сарнихгүй гэх баталгаа байна уу?

-Маргааш юу болохыг мэдэхгүй, би ямар үзмэрч биш. Гэхдээ хүн итгэсэн зүйлээ хийх л хэрэгтэй. Эр, эм хоёр  хүн гэрлэхдээ “маргааш салж магадгүй” гэдэггүй биз дээ. Бид өмнө нь ч нэгдэх тухай ярьж байсан. Манай намын хуучин дарга нар ч 10 гаруй жилийн өмнө энэ хоёр намыг нэгтгэх тухай яриад намаасаа хөөгдөж байсан. Гэхдээ өнөөдөр нэрийг нь дурсаад хэрэггүй биз.

-Хэрэв тэднийг бу­руугаа хүлээгээд буцаад ирвэл хүлээж авах уу?

-Шууд хариуцлага тооцно. Яагаад гэхээр бид хариуцлагын тогтолцоог бий болгохын тулд ажиллаж байна. Улстөрч хүн дүрмийн бус үйл ажиллагаа явуулсан тохиолдолд шууд хариуцлага тооцох ёстой. ИЗН-тай нэгдэх үйл ажиллагааг эсэргүүцэж болно, гагцхүү дүрмийн хүрээнд байх ёстой. Тооцох хариуцлага энгийн, намынхаа Их хурлаар шийднэ. Гэхдээ тэдэн шиг шоудаж, намаас хөөнө барина гэхгүй. Тэртээ тэргүй цаг хугацаа тэд нарт хариуцлага тооцно

Б.Алтансүх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж