Хордсон хүүхдүүдийн бие сайжирч байна

Хуучирсан мэдээ: 2010.04.11-нд нийтлэгдсэн

Хордсон хүүхдүүдийн бие сайжирч байна

-Сүүнээс эвгүй  үнэр гарч, гашуун амтагдаж байсан ч хүүхдүүд “зөгийн балтай сүү” ийм  байдаг юм байх гээд уучихсан гэнэ–

Халдварт өвчин судлалын үндэсний төвд /ХӨСҮТ/ өнгөрөгч баасан гаригийн  14 цагаас эхлэн Баянзүрх дүүргийн 53 дугаар сургуулийн хүүхдүүд хордлогын шинжтэй ирж, хэвтэн эмчлүүлж эхэлсэн байна. Үдийн цайгаа уугаад ердөө 15-хан минутын дараа хордлогын шинж илэрч эхэлсэн аж. Өглөө гэрээсээ эрүүл саруул гарсан хүүхэд нь Халдварт өвчин судлалын үндэсний төвд хөл дээрээ тогтож чадахгүй сульдсан байдалтай байхад  эцэг эхчүүд нь очжээ.Эцэг эхчүүдийн хэлж байгаагаар “Гэдэс нь гүйлгээд, толгой өвдөөд гээд олигтой ч ярьж чадахгүй, 36.5 хэмийн халуунтай байна. Босоод явахаар хөл, гар өвдөөд гэж хүүхдүүд хэлсэн. Үнэхээр гомдолтой байна. Өмнө нь ээдсэн аарц авчирч байсан юм. Сургууль дээр хаяхаар багш загнаад байдаг гэж байсан. Дөнгөж зургаан настай хүүхдүүд шүү дээ“ гэж байлаа.   

Хүүхдүүдийн биеийн байдал ямар байгаа болон, ямар эмчилгээ хийж байгаа талаар ХӨСҮТ-ийн Сургалт мэдээллийн албаны дарга Ч.Уртнасангаас тодруулахад “Манай эмнэлэгийн долоон тасагт нэгдүгээр ангийн 10 хүүхэд, тавдугаар ангийн нэг сурагч хэвтэж байна. Хүүхдүүд өндөр халуурч, бөөлжиж байгаа ч  биеийн байдал нь хүндэрсэн хүүхэд алга. Хүүхдүүдэд халуун буулгах, ходоод угаах, хордлого тайлах эмчилгээ хийж эхэлсэн”гэв.

Энэхүү мэдээллийн дагуу Нийслэлийн Баянзүрх дүүргийн 16 дугаар хороонд байрлах 53 дугаар дунд сургуулийг зорилоо.Тус сургуулийн захирал О.Бат-Өлзийгийн өрөөнд ХӨСҮТ-ийн тандалт судалгааны албаны эмч нар, мөн тус сургуулийн эмч болон “Мон сүү” компанийн ерөнхий технологич С.Ичинхорлоо нар  цугласан байв. Захирал О. Бат-Өлзий хэлэхдээ “Үдийн цай хөтөлбөрийн дагуу хуваарь ёсоор “Монсүү” компанийн сүү, ааруул хоёрыг сурагчдад тараасан. Шинжилгээний бичиг , сүүний сав болон ааруулны уутан дээр 2010.04.09 гэсэн дардастай байсан. Бүтээгдэхүүний амталгааг би эхэлж хийгээд тараахыг зөвшөөрсөн. Гэтэл тал сүү нь шинээрээ, тал сүү нь хуучин  байсныг мэдсэнгүй. Нэгдүгээр ээлжийн 268 сурагчдад үдийн цайг өглөө 09.00 цагт тараасан.Эхэлж уусан хоёр бүлгийн 60 хүүхдээс 10 нь хордсон байна. Харин “Монсүү” компанийнхан сүүгээ иссэнийг мэдээгүй гэж байна.  Нийслэлийн хэмжээнд зургаан сургуульд сүү, тараг тараасан юм билээ. Сүү юунаас болж иссэнийг тогтоохоор ХӨСҮТ-ийн тандалт судалгааны эмч нар ирсэн байгаа тул ямар нэгэн тайлбар хиймээргүй байна” гэв.

“Монсүү” компанийн ерөнхий технологич С.Ичинхорлоотой уулзахад “Яг юунаас болж, хүүхдүүд хордсон шалтгааныг бид хэлж мэдэхгүй байна. Манайх хүүхдийн сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, олон сургуульд бүтээгдэхүүнээ нийлүүлдэг. Өчигдөр долоон сургуулийн захиалгын дагуу үдийн цайнд зориулсан зөгийн балтай кальцитай сүү болон хорхой ааруулыг үйлдвэрлэн гаргасан. Ер нь цэвэр сүүний онцлог нь технологийн горим зөрчигдсөн тохиолдолд л гашилна. Манай бүтээгдэхүүн ариун цэврийн болон технологийн шаардлага бүрэн хангадаг. Эдний сургуулиас бүтээгдэхүүнээ татаж авсан. Үлдсэн зургаан сургуулиас таталт хийсэн боловч зарим нь хүүхдүүдэд хэдийн тараагдсан байна. Одоогоор ганцхан энэ сургуулийн хүүхдүүд хордлоо гэж байна. Харин бусад сургуулиас хүүхэд өвдсөн талаар мэдээлэл ирээгүй” гэж байв.

“Монсүү” компани тухайн өдөр нийслэлийн 12, 16, 37, 61, 57, 111, 53 дугаар сургуулиудад зөгийн балтай кальцтай сүү, хорхой ааруул тараасан аж.

Баасан гаригийн шөнө ХӨСҮТ –д эмчлүүлж байгаа тавдугаар ангийн сурагчийн бие муудаж, эмч нарыг сандаргасныг эс тооцвол хүүхдүүдийн бие харьцангүй сайжирч байгаа аж . “Өнөөдрийн байдлаар хүүхэд нэмэгдэж ирээгүй. Эмчлүүлж буй хүүхдүүдийн биеийн байдал хэвийн болж, эмчилгээ үргэлжилж байна. Хордсон бүтээгдэхүүнээс дээж авч, лабораторийн шинжилгээнд өгсөн байгаа” гэж ХӨСҮТ-ийнхөн өчигдөр хэлж байна. Хэдийгээр “Мон-Сүү” компанийхан сурагчдад лац ломботой, он сар нь тодорхой шинэ сүү өгсөн гэж батлаж байгаа боловч “Сүүнээс эхүүн үнэр гарч, гашуун амтагдаж байсан ч “зөгийн балтай сүү” ийм л байдаг юм байх гээд уучихсан” гэсэн хордсон сурагчид ярьж байсан юм. Хүүхдүүд сүүнээс болж хордсон нь  тодорхой болсон. Гэхдээ хүүхдүүдийг ингэж олноор нь хоромхон хугацаанд хордуулсан ямар бодис сүүнд агуулагдаж байсныг тогтоогоогүй байна. Баттай бус мэдээллээр тус компани 8-ны өдөр үйлдвэрлэсэн сүүн дээрээ 9-ний өдрийн дардастай гаргасан гэсэн яриа ч байна.

Хүүхдүүдэд болон сүү аарууланд хийсэн  шинжилгээний хариу өнөөдөр гарснаар яг юунаас хордсон болохыг мэргэжлийн байгууллагууд нь тогтоож, хариуцлага тооцох бизээ. Үдийн цайгаар өдөртөө багахан ч гэсэн гэдсээ баярлуулдаг хүүхэд цөөнгүй  бий.Хордлого гарсан сургуулиуд үдийн цайнд өгч болохгүй гэж хориглосон  өндөг, исгэгчтэй гурилан бүтээгдэхүүн, амархан мууддаг бүтээгдэхүүн удаа дараа өгч байсан нь тогтоогдсон гэнэ.
П.Нарандэлгэр

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж